Снукер биллиардын дэлхийн чансааны оноо олгох дэлхийн гранпри тэмцээн өнгөрөгч долоо хоногт явагдаж дууслаа.
Дэлхийн чансааг тодорхойлж буй шилдэг 32 тамирчин оролцдог зургаа дахь удаагийн тэмцээнд дэлхийн чансааны 2-т бичигдэж буй 2010 оны дэлхийн аварга Австралийн Нейл Робертсон анх удаа түрүүллээ.
Манай сайт снукер биллиардын спортыг сонирхогчдодоо тэмцээнийг эхнээс нь шууд дамжуулан хүргэж байсан ба урьд шөнө аваргын төлөөх тоглолтын эхний хэсгийг ч мөн шууд дамжуулан үзүүлсэн билээ. Харин одоо шувтаргын тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.
Финалын тоглолтод Нейл Робертсон 2006 оны дэлхийн аварга /дэлхийн чансааны 21-т эрэмбэлэгдэж буй/ Грим Доттой тунан үлдсэн ба хоёр тамирчны хувьд урьд нь 18 учраа таарахад 11 удаад нь Нейл Робертсон хожоод байсан юм. Урьд шөнийн тоглолтод Нейл Робертсон энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр оноо буюу 142 оноог авсан байна. Тэрээр тэмцээний эхнээс "өнгөтэй байж" хамгийн олон удаа буюу есөн удаа 100-аас дээш оноог авсан тоглолтыг үзүүлсэн юм. Финалын тоглолтын эцсийн дүнд Нейл Робертсон 10:8 харьцаагаар хожил байгууллаа.
Өнөөдөр снукер биллиардын чансааны оноо олгох 28 дахь удаагийн Велсийн нээлттэй тэмцээн эхэлж байна. Уг тэмцээний түрүү жилийн аваргаа Нейл Робертсон тодорч байсан юм. Манай сайт Велсийн нээлттэй тэмцээнийг өнөө оройноос эхлэн шууд дамжуулан хүргэхээр ажиллаж буйгаа дуулгахад таатай байна.