Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер Ковид-19, олимпийн наадам товлосон хугацаагаа хойшлуулах болсон зэрэг асуудлуудын хүрээнд өөрийн цахим хаягаараа нээлттэй ярилцлаа.
Түүнд ирсэн онцлох асуултуудад хэрхэн хариулсан хариултыг түүвэрлэн хүргэж байна.
Асуулт: Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ олимпийн наадмыг хойшлуулах асуудлыг хэрхэн хүлээн авч байгаа вэ? Олимпийн эрхийн онооны тэмцээнүүдийн хэрхэх талаар?
Хариулт: IJF нь олимпийн хөдөлгөөнийг тууштай дэмжиж ирсэн ба үүсээд буй нөхцөл байдлын хувьд ОУОХ-ны дээрх шийдвэр цагаа олсон хамгийн зөв шийдвэр гэж үзэж байна. Ковид-19 вирусийн тархалт намжиж, аюул ард хоцорсон даруйд тэмцээн уралдаануудын товыг дахин зарлах болно.
Асуулт: Өвлийн олимпийн наадамд жүдо бөхийн төрөл оролцох боломжгүй юу? Жүдочид цасан дээр барилдах талаар бодож үзээрэй.
Хариулт: Өвлийн олимпод бол цас, мөсний спортын төрлүүд явагддаг. Гэвч өвлийн улиралд IJF тогтмол тэмцээн зохион байгуулдаг гэдгийг мартаж болохгүй.
Асуулт: IJF яагаад зарим оронд гран-при тэмцээнийг зохион байгуулж болдоггүй юм бэ? Хэрэв одоогийн нөхцөл байдал илүү урт хугацаанд үргэлжлэх тохиолдолд нөөц төлөвлөгөө бий юу?
Хариулт: Энэ нь дан ганц биднээс хамаардаггүй. Жүдо бөхийн тамирчид дэлхий даяар байгаа ч бүгд тэгш оролцоотой байх ёстой.
Асуулт: Өмнөд Америкт жүдо бөхийн гран-при тэмцээн хийх төлөвлөгөө бий юу?
Хариулт: Бид үргэлж нээлттэй бөгөөд ямар ч санал, санаачилгыг дэмжих болно. Одоогийн байдлаар Бразилд шинээр их дуулга тэмцээн зохион байгуулагдаж эхэлсэн.
Асуулт: Токио 2020 олимпийн наадам хойшилсноор жүдо бөхийн төрөлд үүсэх давуу болон сул талыг та юу гэж харж байгаа вэ?
Хариулт: Би үүнийг маш хүнд шийдвэр байсан гэдгийг мэдэж байна. Гэхдээ энэ нь зөвхөн тамирчид бус бүх хүнийг хамгаалах шийдвэр байсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Асуулт: Олимпийн наадам 2021 онд шилжсэнээр дараачийн Парисын олимп 2024 ондоо болох уу эсвэл 2025 онд зохион байгуулагдах уу?
Хариулт: Энэ удаагийн нөхцөл байдал нь онцгой нөхцөл тул Парисын олимп төлөвлөгдсөн 2024 ондоо зохион байгуулагдана хэмээн найдаж байна.
Асуулт: Жүдо бөхийн дүрэм дахин өөрчлөгдөх үү?
Хариулт: Бид жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, шинэчлэх чиглэлээр тасралгүй ажиллаж байгаа.
Эцэст нь хэлэхэд бид урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалд байна. ОУОХ-ны Япон улсын засгийн газартай хамтран гаргасан ухаалаг шийдвэрийг дэмжиж буйгаа дахин илэрхийлэхийг хүсэж байна. /эх сурвалж: олон улсын жүдо бөхийн холбооны сайт/