Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 18 дугаар тойргийн тоглолтууд үндсэндээ явагдаж дууслаа.
Хэдийгээр хүснэгтийг тэргүүлэгч Ливепүүл болон хүснэгтийн 16-д бичигдэж буй Вэст Хам Юнайтед клубуудын тоглолт л үлдээд байгаа ч энэхүү тоглолт нь хүснэгтийн байрлалд өөрчлөлт оруулахуйц тоглолт биш юм. Учир нь Ливерпүүл клуб нэг тойргийн тоглолт дутуу байгаа ч тэдний ард бичигдэж буй Лейстер Сити клубээс даруй 10 оноогоор илүү буюу 49 оноотой явж байна.
18 дугаар тойргийн хамгийн сүүлийн тоглолт болох Тоттенхам болон Челси клубуудын тоглолт үзүүштэй тоглолт болж өнгөрлөө. Уг тоглолт дуулиан шуугиантай, улаан хуудастай, дасгалжуулагч Жосе Моурино хуучин багийнхаа эсрэг тоглосон гээд ярих зүйл ихтэй болж өнгөрлөө. Тоглолтын гол баатар бол Виллиан байлаа. Тэрээр нэгдүгээр үед хоёр гоол оруулсан бол Тоттенхамын супер од БНСУ-ын Сон Хён Мин улаан хуудас авч талбайгаас хөөгдлөө.
Хоёр багийн хувьд түүхэндээ 55 дахь удаагаа учраа тааран тоглож буй нь энэ бөгөөд 19 удаа тэнцэж 29 дэх удаагаа Челси клуб ялалт байгууллаа. Энэ он гарсаар хоёр дахь удаагаа учраа таарч хоёуланд нь Челси хожоод байна.
18 дугаар тойргийн бас нэгэн онцлох тоглолт бол хүснэгтийн сүүл мушгиж байгаа Ватфорд клуб алдарт Манчестер Юнайтед клубыг буулган авлаа. Уг тоглолтод хоёр гоол орсон ба хөлбөмбөг сонирхогчид Манчестер Юнайтедийн хаалгач Дэвид Де Хиаг буруутгаж байна.