Снукер биллиардын ес дэх удаагийн "Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээн"-д Австралийн шилдэг биллиардчин Нейл Робертсон хоёр дахь удаагаа түрүүлж аваргуудын аварга боллоо.
Шилдэг 16 аварга өрсөлдсөн "Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээн" ширүүхэн өрсөлдөөнтэй явагдаж дууслаа. 1978, 1980 онуудад зохион байгуулагдаж байгаад удаан хугацаанд завсарласны эцэст 2013 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй "Аваргуудын аварга шалгаруулах тэмцээн"-д хамгийн олон удаа буюу гурван удаа түрүүлсэн тамирчин бол домогт Ронни О Сулливан байдаг. Харин Австрали биллиардчин Нейл Робертсон 2015 онд Марк Алленийг хожиж түрүүлж байсан бол энэ жил хоёр дахь удаагаа "Аваргуудын Аварга" гэдгээ баталж түрүүллээ. Тэрээр шигшээ тоглолтод шинэхэн дэлхийн аварга бөгөөд энэ цагийн дэлхийн чансааг тэргүүлж буй Жадд Трамптай учраа тааран тоглолоо.
Хоёр тамирчны хувьд өмнө нь 30 удаа учраа тааран тоглоход Жадд Трамп 16 удаа хожоод байсан бол энэ удаад Нейл Робертсоны хожих ээлж байлаа. Тэд эн тэнцүүхэн өрсөлдсөний эцэст 10:9 харьцаагаар Нейл Робертсон ялалт байгуулсан юм.