Снукер биллиардын дэлхийн чансааны оноо олгох "Evergrande China Championship 2019" БНХАУ-ын Гуанжу хотноо явагдаж байна.
Одоогоор шөвгийн дөрвөн тамирчин тунан үлдсэн ба өнгөрсөн жилийн аварга Марк Селби, 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи, дэлхийн гурван удаагийн аварга Марк Виллиамс, Ираны "The Prince of Persia" буюу "Персийн хунтайж" хочит Хоссейн Вафай нар тунан үлдээд байгаа юм.
Өчигдөр шөвгийн 8-д Марк Селби болон Бары Хавкинс нарын тоглолт тун өрсөлдөөнтэй явагдсан ба эн тэнцүүхэн тоглолтын үр дүнд 5:4 харьцаагаар Марк Селби ялалт байгуулж шөвгийн 4-т шалгаран үлдлээ.
Урьд өмнө нь хоёр тамирчны хувьд 26 удаа учраа тааран тоглож байсан ба Марк Селби өчигдрийн хожилтойгоо нийлээд 15 дахь удаагаа Бары Хавкинсийг буулган аваад байна. Бары Хавкинс энэ онд Маркс Селбиг "2019 Championship League" цуврал тэмцээнд гурав дараалан хожоод байсан юм.