Снукер биллиардын хамгийн өндөр шагналын сантай "Шанхай Мастерс-2019" тэмцээн уламжлал ёсоор БНХАУ-ын Шанхай хотноо долоо хоногийн турш үргэлжлэн явагдаж дууслаа.
Уг тэмцээн нь өнгөрсөн оноос дэлхийн чансаа олгох тэмцээн бус харин шилдэг тамирчдыг урин оролцуулдаг шагналын сан өндөртэй тэмцээн болж өөрчлөгдсөн юм. Дэлхийн шилдгүүд өрсөлддөг тул хэн түрүүлэхийг урьдчилан таамаглах аргагүй ч дийлэнх нь бооцоо тавигчид домогт Ронни О Сулливаныг түрүүлнэ хэмээн таамаг дэвшүүлж байсан нь талаар болсонгүй. Тэрээр тэмцээний эхний тоглолтоосоо илт илүүрхсэн тоглолтуудыг үзүүлсээр түрүүллээ. Шанхай Мастерс тэмцээнд домогт Ронни О Сулливан одоогоос 10 жил өмнө анх түрүүлж байсан ба сүүлийн гурван жил дараалан түрүүлж нийтдээ дөрвөн удаа түрүүлж буй нь энэ юм.
Аваргын төлөөх тоглолтод Шаун Мөрфитэй тунан үлдсэн ба уг тоглолт үнэхээр "халуухан" болж өнгөрсөн. Учир нь хоёр тоглогч бие биенээ ээлжлэн хожсоор эцсийн үр дүнд 11:9 харьцаагаар Ронни тэргүүлсэн байна. Хоёр тамирчны хувьд урьд өмнө нь нийт 18 удаа учраа тааран тоглоход Ронни О Сулливан 13 удаад нь хожоод байсан юм.