Снукер биллиардын нэгэн сонирхолтой төрөл болох Six-Red төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Энэхүү тэмцээн нь снукер биллиардын үндсэн дүрмээр явагддаг боловч 15 улаан шаар бус зургаан улаан шаартай тоглодог хувилбар юм. Анх 2008 онд Азийн биллиардын спортын холбооноос "Six-Red Snooker International" нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд нийт 48 тамирчин найман хэсэгт хуваагдан өрсөлддөг байжээ. Харин 2010 оноос "Six-red World Championship" буюу дэлхийн аварга шалгаруулах төвшний тэмцээн болж өргөжин зохион байгуулах болж 2012 оноос "Дэлхийн мэргэжлийн биллиард болон снукерийн холбоо" жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн байна.
Энэ жилийн ДАШТ-д дэлхийн шилдэг биллиардчид болох Марк Виллиамс, Жон Хиггинс, Марк Селби, Кайрен Вилсон (2018 оны аварга), Дин Жунхуй зэрэг 32 шилдэг тамирчин зургаа хоногийн турш өрсөлдөх юм. Снукер биллиард шимтэн үзэгчиддээ зориулан өнгөрсөн оны ДАШТ-ний финалын тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.