Снукер биллиардын дэлхийн чансаа олгох Рига Мастерс тэмцээн зургаа дахь удаагаа Латви улсын Рига хотноо зохион байгуулагдаж байна.
Снукер биллиардын 2019/2020 шинэ улирлын чансаа олгох эхний тэмцээн болох Рига Мастерс тэмцээн нь 2014 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн байна. Уг тэмцээнд Австралийн Нейл Робертсон хоёр удаа түрүүлээд байсан ч (2016, 2018 он) энэ удаагийн тэмцээнд тодорхойгүй шалтгаанаар өнжсөн байна.
Монгол мөнгөөр нэг тэрбум орчим төгрөгийн шагналын сантай Рига Мастерс тэмцээний финалд хэний ч таамагт байгаагүй БНХАУ-ын Ян Бинтао (дэлхийн чансааны 21-т эрэмбэлэгдэж байна) болон Английн Марк Жойс (дэлхийн чансааны 54-т эрэмбэлэгдэж байна) нар тунан үлдээд байна. Ийнхүү энэ жилийн Рига Мастерс тэмцээнд шинэ аварга төрөх нь тодорхой болоод байна.
Энэ жилийн Рига Мастерс тэмцээнд түрүүлэх тамирчдын тоонд зүй ёсоор нэрлэгдэж байсан дэлхийн гурван удаагийн аварга, Рига Мастерс тэмцээний 2014 оны аварга Марк Селби дэлхийн чансааны 50-д эрэмбэлэгдэж буй Стуарт Каррингтонд шөвгийн 16-д хожигдон бооцоо тавигчдын таамгийг будлиуллаа. Уг тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.