СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан: Цэцийн шийдвэрийг бид гайхаж хүлээн авсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 
 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны өчигдөр /2019.05.27/-ийн шийдвэртэй холбогдуулан бид АН, ХҮН, МАХН-ын төлөөллүүдээс тодруулга авч хүргэсэн. Тэд бүгд "ҮХЦ эрх баригч намын талд үйлчилж Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг явуулахгүй байх талаас чармайн ажиллалаа" гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ. 

Тэгвэл энэ удаад эрх баригч МАН-ынхан дээрх асуудалд ямар суурьтай хандаж байгаа хийгээд өнөөдөр товлогдоод байсан Бага хурлаа хойшлуулж, нэр дэвшигчээ зарлахаас татгалзсан нь ямар шалтгаантай зэргийг тодрууллаа. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: 

-Үндсэн хуулийн цэцээс өчигдөр гаргасан дүгнэлтэд МАН-ын зүгээс хэрхэн хандаж байна вэ?

-Цэцийн байр суурийг бид гайхаж хүлээн авсан. Учир нь нөхөн сонгууль зарлагдаж, бид бэлтгэл ажлаа ханган сонгуульд оролцохоо илэрхийлээд, нэр дэвшигчээ тодруулах процесс явагдсан. Өнөөдөр буюу 15:00 цагаас МАН-ын бага хурал зарлагдсан. Өнгөрсөн хоёрдугаар сард нөхөн сонгууль зарласантай холбогдуулан манай нам сонгуульд нэр дэвших боломжтой таван хүндээ тандалт судалгаа хийсэн.

Учир нь Ерөнхий сайдын явуулж байгаа үйл ажиллагааг ард иргэд ихээхэн дэмжиж байна. Хэнтий аймгаас У.Хүрэлсүх дарга өмнө нь хоёр ч удаа сонгогдож байсан. Өөрийнх нь унаган гэж хэлж болохуйц тойрог учраас Хэнтийн ард түмэн сонгох бүрэн боломж байсан.

Энэ асуудалд тодорхой тайлбар, хууль зүйн гаргалгааг бид харж судалж байгаа. Өнгөрсөн намар зарлагдсан сонгууль тодорхой шалтгаанаар хойшилж байсан. Манай намын зүгээс хойшоо суух, ямар нэгэн байдлаар сонгуулийг болгохгүй байх талд байгаагүй. Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Хэнтийн ард түмний төрд төлөөлөх эрхийг 100 хувь хангах зорилго, бодлогын төлөө байсан гэдгийг дурдмаар байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.