УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг ҮХЦ дунд суудлын хуралдаанаараа авч хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн УИХ-ын тогтоол хууль зөрчөөгүй, харин нөхөн сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргах байсныг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргасан (Сонгуулийн зардлыг тогтоосон 23-р тогтоол), мөн сонгуулийн товыг сонгууль болохоос 180 хоногийн өмнө гаргах ёстой байсан (УИХ-ын 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 22-р тогтоол) нь тус тус Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.
Харин ҮХЦ-ийн дүгнэлтийг 15 хоногт багтаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хүлээж авах эсэхээ шийдэх юм. Хэрэв цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй бол ҮХЦ Их суудлын хуралдаанаа зарлан эцсийн шийдвэрийг гаргана. Хүлээж авбал Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль явагдах боломжгүй болох юм.
42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураах өдрийг зургаадугаар сарын 30-нд товлосон. Тус тойрогт одоогийн байдлаар МАХН намын дарга Н.Энхбаярыг, АН Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлээд байгаа юм. Бусад нам, эвслүүд нэр дэвшигээ хараахан тодруулж, зарлаагүй байна.