Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хэнтийн нөхөн сонгуультай ирсэн өргөдлийг хэлэлцэн шийдвэр гаргасан талаар бид өчигдөр мэдээлсэн. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.
-Үндсэн хуулийн цэц, Үндсэн хууль зөрчсөн гомдлыг хэлэлцэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой гомдлыг хэлэлцэж байгаа нь улстөрийн зорилготой гэж харагдаж байсан. Ямар ч гишүүн өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөж болно. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон эрх нь.
Нам бүртгүүлж байна гэдэг сонгуульд оролцох гэж л байна гэсэн үг. Нэг хоногийн өмнө байна уу, 180 хоногийн өмнө байна гэдэг нь хамаагүй. Тэгэхээр зөвхөн намтай холбоотой хуралдаж шийдвэр гаргасан бол би юм хэлэхгүй. Гэтэл УИХ-ын гишүүний асуудалтай хамт шийдэж байгаа нь улстөрийн захиалгаар ажилласан гэж хардахад хүргэж байна.
-Хэнтийн нөхөн сонгууль болох уу?
-Боломжгүй. Нэгд, манай сонгуулийн хуулинд хавар, намар сонгууль явуулна гэж заасан байдаг. Тэгэхээр өчигдөр гаргасан ҮХЦ-ийн шийдвэр автоматаар боломжгүй болгочихож байгаа юм. Хоёрт, УИХ, ҮХЦ-ийн энэ шийдвэрийг хүлээн авлаа гэхэд хууль өөрчилнө. Хууль өөрчилнө гэдэг хууль буцаан хэрэглэгдэхгүй. Хэрэгжсэн өдрөөсөө цааш явна гэсэн үг.
Төрөөр тоглож байна. УИХ-ыг гацаах, хурлыг муухай харагдуулах, Ерөнхийлөгчийн засаглалтай болгох гэсэн далд явуулга.
-Намар болох боломжгүй гэж үү?
-Хууль буцаан хэрэглэгдэхгүй гэж би тодорхой хэллээ. Түдгэлзүүллээ гэдэг бол тэр хууль байхгүй болно гэсэн үг. Гэхдээ 65 маань л шийднэ. 65-уулаа хүсвэл бүх хуулийг өөрчилж чаддаг гэдгээ харуулсан шүү дээ.
МАН одоо "Сонгуульд оролцоно" энэ тэр гээд жүжиг тоглох байх. Энэ бүхэн анхнаасаа жүжиг гэж хэлж байсан шүү дээ. Намар боллоо, наадам боллоо гэх байх. АН ч, МАН ч их жүжиг тавьж байгаа. АН гэхэд нэг сарын турш жагсаал хийнэ гэсэн. Наадам хүртэл хийх нь дээ. Хэнтийгээс сонгогдсон хоёр хүн /гишүүн.Сур/ нь дуугүй байхад намын дарга нь сонгуульд өрсөлдөнө гээд байгаа нь хошин шог.