Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Пентатерра” ХХК-ийн уурхайд осол гарч хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Бид энэ талаар өмнө мэдээлсэн билээ. Энд дарж уншина уу.
Уг осол болсон газарт МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяраар ахлуулсан баг ажиллаж байна. Хамгийн гол нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн зөвлөмж, сэрэмжлүүлгийг үл хайхран дур мэдэн үйл ажиллагаа эхлүүлсэн нь ийм харамсалтай хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйл болоод байна.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон.
МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр“Өнгөрсөн хугацаанд таван насос цагт 2550 орчим метр куб усыг шахан зайлуулсан. Гэвч аврах ажиллагаа явуулах хангалттай нөхцөл бүрдэхгүй байгаа тул нэмэлт ажлуудыг хийж байгаа. Нуурын баруун талын хэсгээс цаашаагаа 100 метр суваг, доошоогоо зургаан метр гүнтэй суваг ухаж байна. Энэ сувгаар нуурын усыг гурван метр орчим буулгах боломжтой гэж үзэн ажиллаж байна. МХЕГ-ын зүгээс хөдөлмөрийн хяналтын болон геологи, уул уурхайн улсын байцаагч нар ажиллаж байна.
Ослын нөхцөл байдал, шалтгааныг тогтоох, компанийн хуулиар хүлээсэн хуулийн хэрэгжилт, бичиг баримтын бүрдэлт, бичиг баримтын дагуу ажиллаж байсан эсэхэд хяналт шалгалт хийж байна. Урьдчилсан байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй бөгөөд хөрсний чулуулаг хуулж байсан газарт том хэмжээний хагарал үүссэн байхад ажиллаж байсан нь тогтоогдсон. Үүнээс болж уг осол үүссэн байж болзошгүй. Хяналт шалгалт хийхэд шаардлагатай бичиг баримтууд байхгүй байна” гэлээ.