Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд Тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН” одонт, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын таван шилдэг бүтээлээс бүрдсэн "ХОЁРДУГААР СИМФОНИ" нэртэй 300 ширхэг /Limited Edition/ хос алтан пянз хэвлэгдэж сонсогчдын гарт очиход бэлэн болжээ.
Өнөөдөр /2019.05.22/алтан пянзныхаа нээлтийг хийж буй нь түүхэн онцлогтой өдөр бөгөөд одоогоос 31 жилийн тэртээх яг энэ өдөр дэлхийн 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолч оролцсон олон улсын хөгжмийн гуравдугаар их наадам Зөвлөлт Холбоот Улсын (одоогийн ОХУ) Ленинград (Санкт - Петербург) хотноо зохион байгуулагдаж, уг наадамд Б.Шаравын “ХОЁРДУГААР СИМФОНИ”-г 1988 оны 5 дугаар сарын 22-ны үдэш Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармонийн симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулан эгшиглүүлжээ. Энэ үдшийн гол хүн нь мэдээж симфонизмд шинэ хөг нэмж, Монголын сонгодог хөгжмийн шинэ чиг хандлагыг тодорхойлж, түүнийгээ олон улсад тунхаглан сонордуулсан хөгжмийн зохиолч Б.Шарав байв.
Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэж ирсэн алдарт EMI 1440 төхөөрөмжөөр бүтээгдсэн Б.Шаравын "ХОЁРДУГААР СИМФОНИ" тэргүүтэй таван бүтээлээс бүрдсэн ердөө 300 ширхэг хос алтан пянз Лондон хотноо бүтээгджээ.
Дэлхийн хүн төрлөхтний соёлын өв болон өвлөгдөн үлдэх онцгой бүтээл “ӨВ”-д дараах таван бүтээл багтсан болно:
1 дүгээр тал: ХОЁРДУГААР СИМФОНИ 1987 он
2 дугаар тал: МОНГОЛ ОРОН БАДАРТУГАЙ 2011 он
ЭХИЙН СЭТГЭЛ ШИГ 2018 он
3 дугаар тал: ЗУУРДЫН ОРОН 1998
4 дүгээр тал: ТРИО 1980 он