СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-02

Дөрвөн настай хүүгийн хойд эцэгтээ дөнгөлүүлсэн гурав хоног буюу хаалганы цаадах яргаллын мөрөөр...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Мөнхтунгалаг

Манай сонины өчигдрийн дугаарт буюу 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрийн №088 (3299) дугаарт “Дөрвөн настай хүүгийн хойд эцэгтээ дөнгөлүүлсэн гурав хоног буюу хаалганы цаадах яргаллын мөрөөр...” нийтлэл гарсан.

Гэдэснийхээ оёдлоос гадна гурван гуурс, нэг стомтой амьдарч байгаа дөрвөн настай хүүгийн эмнэлэг, эм, тариа, ахуйн хэрэглээний зардал ээж Ч.Оюунтунгалаг, эмээ Б.Жавзмаа нарын хөдөлмөр эрхлээд олдог мөнгөний хэмжээнээс хэдийнэ давжээ. Орох орон гэх тодорхой хаяггүй амьдарч яваа өрх толгойлсон залуу ээжийн нуруун дээрх ачаанаас сайхан сэтгэлт уншигч олон хуваалцахыг хүссэн хүсэлт манай сонины редакцад ирсээр байна. Инээж хөөрч, тоглож сахилгагүйтэх насан дээрээ яваа бяцхан хүүхдүүдийн бие сэтгэлийг бүрэн илааршуулах ид шид байхгүй ч томчуудын чадах үйлс тоймгүй их. Монголчууд тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэлцдэг.

Хоёр үрээ эрэмдэглүүлчихээд ухаан санаа нь тогтохгүй дэн дун, хэнд хандаж яахаа мэдэхгүй суугаа залуу бүсгүйд туслах, гар сунгах халуун сэтгэлтнүүдэд манай сонин ч мөн нийтлэлийн бодлогоор дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.

Хүүхэдтэй хүн бүрийн зүрх сэтгэлийг урсан хоёр хүүгийн амссан тарчлаан бол олон, олон үрсийн хаалттай хаалганы цаана амсаж яваа зовлон ч байж мэднэ. Ийм хатуурхал байгаа учраас сүүлийн гурван жилийн хугацаанд 4922 хүүхэд бие сэтгэлээрээ хохирчээ. 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 554 бүртгэгдсэн гэх тоог Цагдаагийн газраас өгч байгаа юм.

Иймд зодуулж тамлуулж яахаа мэдэхгүй эмнэлгийн тусламж эрж яваа хүүхдүүдээ сэвхийтэл өргөөд босгох халуун зүрх байна, бидэнд. Хүчирхийлэгчид даварч, даамжирч давтан хэрэг үйлдээд явах орон зай байх ёстой юу, хууль санаачлан батлагчид аа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.