Нийтэлсэн:
Admin
5 жилийн өмнө
Эх сурвалж: Otgonpurew Mendsaikhan
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсний дагуу бол бодлого боловсруулагчид цахим орчин дахь хуурамч мэдээллийг цахим халдлага гэж ойлгодог бололтой, цахим аюулгүй байдлын тухай хуулиар хуурамч мэдээлэл сошль орчин дахь нэргүй гүтгэлгийг зохицуулна гэжээ. Ингэхдээ цахим халдлагатай тэмцэх үндэсний төв байгуулж уг байгууллага нь “цахим цензур” хэрэгжүүлэх бололтой.
Цахим троллууд буюу нэр нүүрээ нуусан ботууд сошль орчинд сүйд хийдэг нь үнэн. Монголд зохион байгуулалттайгаар хуурамч мэдээллийн операци (coordinated information operation) явуулдаг гэдэгт ч би итгэдэг. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан хүн зодоод алах шахахад “АНУ-ын элчинг хөөж гарга”, “Хятадуудыг ал” эсвэл “…улстөрчдийг дүүжил” хэмээн тухирдаг Фэйсбүүкийн тролл пэйжүүд нэг нь ч тэр талаар дурьдаагүйг өөрийнхөө нүдээр харж байлаа.
Тиймээс цахим орчинд өөрчлөлт хэрэгтэй юу гэвэл тийм, гэхдээ…
- Цахим аюулгүй байдлын тухай хуулийг ашиглаж цензур хийнэ гэвэл Банкны тухай хуулиар хүчингийн хэрэгтэнг шийтгэж байгаа юм шиг явдал болно. Өөрөөр хэлбэл хуурамч мэдээлэл болон кибер аюулгүй байдал бол шал өмнөө 2 өөр асуудал гэдгийг ойлгох шаардлагатай. Аюулгүй байдлын инженер мань мэтэд мэдээлэл үнэн зөв эсэх хамаагүй гагцхүү уг мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдлыг хангах үүрэгтэй. Харин энэ хуулиар маниуст контент филтерийн үүрэг нэмж өгөх гэж байгаа бололтой.
- Сошль орчинд гар утасны дугаар эсвэл регистрийн дугаараараа бүртгүүлнэ гэсэн санаатай уг хуулиар бол цахим орчин дахь анонимити устах бололтой. Энэ нь цаашдаа төсөөлж баршгүй үр дагавар үүсгэж бидний фундаменталь эрхэнд халдах вий гэхээс сэтгэл зовж байна. 1995 онд АНУ-ын дээд шүүх аноним байх нь хүний язгуур эрх гээд дараах шийдвэрийг гаргаж байж “Anonymity is a shield from the tyranny of the majority. . . . It thus exemplifies the purpose behind the Bill of Rights and of the First Amendment in particular: to protect unpopular individuals from retaliation . . . at the hand of an intolerant society”. Өөрөөр хэлбэл нийгмийн олонхид ямар нэг шалтгаанаар ад үзэгдэх цөөнхийн хувьд аноним байх гэдэг нь амь насны үнэтэй. Бэлгийн цөөнх, шашины цөөнх, үндэсний цөөнх хэн ч бай бусдад таалагддаггүй үзэл бодол, шашин шүтлэгтэйнхээ төлөө ялгаварлан гадуурхахын золиос болохоос аноним байдал сэргийлнэ. Ирээдүйд үүсч мэдэх дарангуйллаас сэргийлэх вакцин бол анонимити юм.
- Стэнд ап комедиан Хасан Минаж 2018 оны 10 сард Саудын Арабын ханхүүг шүүмжилсэн нэвтрүүлэг хийж Netflix-ээр цацав. Саудын Араб уг нэвтрүүлэг тэдний Кибер аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр нутагт нь нэвтрүүлэхгүй байхыг Netflix-ээс шаардав. Саудын Арабын кибер аюулгүй байдлын тухай хуулиар бол олон түмнийг үймээнд уруу татсан гэж эрх мэдэлтнүүд үзсэн ямар ч мэдээллийг дижитал орчноос арилгах ёстой бололтой. Одоогоор манай цахим аюулгүй байдлын тухай хууль дээр иймэрхүү заалт байхгүй боловч анонимитиг устгасны дараагийн алхам нь хэн ямар мэдээлэл цацаж болох болохгүйг заасан дагалдах журам байх болов уу.
- Цахим орчинтой тэмцэх тэмцэлд мундаг амжилт олоод буй жишээ ер нь цөөхөн. БНХАУ-ын Great Firewall of China -г амжилтанд хамгийн дөхсөн оролдлого гэж үздэг хэдий ч асар их хөрөнгө зараад БНХАУ-ын эсэргүүнүүд яаж ийгээд мэдээллээ солилцож оршин тогтноод л байх аж. Манай улсын хувьд гарааны өгөгдлүүд онцгүй, деталь шийдлүүд нь тодорхойгүй байна. Регистрийн дугаараар сошль орчинд бүртгэлээ гэхэд регистрийн дугаарын аюулгүй байдлыг хэн яаж хадгалж хамгаалах уу. Одоо тэртэй тэргүй хаа сайгүй иргэдийн мэдээлэл задарчихсан явдаг учир регистрийн дугаар солиод ашиглаад байх нь троллуудад нуугдах бүр их боломж олгохоос өөр шидгүй. Дээрээс нь манай регистрийн дугаар рандом чанар бараг байхгүй, хэн нэг хүний төрсөн он сарыг мэдэж байхад цөөхөн хэдэн оролдлогоор регистрийг нь брүт форс хийх боломжтой. Ийм нөхцөлд non-repudiation буюу би хийгээгүй гэж мэлзэх аргагүй хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах вэ гэдэг нь ойлгомжгүй. Олон нийтэд задарсан мэдээллээс таны регистрийн дугаарыг олж аваад сошль сүлжээнд бүртгүүлээд хүн гүтгэлээ гэхэд та үүнийг өөрөө хийгээгүй гэдгээ яаж нотлох вэ? Утасны дугаараар бүртгүүлсэн ч иймэрхүү төстэй механик асуудлууд их бий.
Дээрхи шалтгаануудаас үндэслээд би хувьдаа “Цахим аюулгүй байдлын тухай” хуульд сошль орчинг хянах заалтууд оруулахыг эсэргүүцэж байгаа. 2018 оны 9 сарын 24-д Хуульзүйн үндэсний хүрээлэн дээр болсон хуулийн хэлэлцүүлэг дээр ч мөн дээрхи санаануудыг илэрхийлж шүүмжилж байсан. Харин өнөөдрийн мэдээг харахад уг хэлэлцүүлгээс хойш хагас жилийн дараа ч гэсэн өчнөөн шүүмжлүүлсэн цензурийн тухай заалтууд нь хэвээр байгаа бололтой.
Үүнээс хийж болох ганц дүгнэлт гэвэл өчнөөн парламент дамжаад дэмжигдэж өгдөггүй кибер аюулгүй байдлын тухайн хууль нь улстөрчдийн захиалгаар цахим орчинг цензурдэж өгөх тохиролцоогоор орж ирж буй бололтой. Өөрөөр хэлбэл явж өгдөггүй аюулгүй байдлын хуулийг чинь батлаад өгье, харин биднийг гөвөөд байдаг цахим орчинг зохицуул гэсэн захиалга гишүүд маань өгсөн юм болов уу гэж хардлаа.
Эцэст нь миний бодлоор бол олон нийтэд мэдээллийн боловсрол олгох зэрэг “зөөлөн” аргуудаас өөр троллтой тэмцэх шийдэл хаашдаа байхгүй байх. Сүүлийн үед явагдаад буй “Цахим орчинг зөв болгох” зэрэг арга хэмжээнүүд дээрхи хуулиас илүү бодит үр дүнтэй байх болов уу гэж таамаглаж байна.