Метал хөгжмийн домогт Sepultura хамтлаг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод тоглох гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус хамтлагийн талаар болон тэдний хамгийн сүүлд гаргасан Machine Messiah цомгийг танилцуулж байна.
Бразилын домогт Sepultura хамтлаг
1984 онд ах, дүү Кавалера хамтлагаа байгуулж байжээ. Тэд 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр трэш метал урсгалын гол төлөөлөгч байсан юм. 2017 онд студийн 14 дэх Machine Messiah цомгоо гаргасан Sepultura хамтлаг түүхэндээ маш олон удаа гишүүдээ сольсон байдаг. Тухайлбал хамтлагийг анх үүсгэн байгуулсан ах, дүү Кавалера ч 1996, 2006 онуудад хамтлагаасаа гарсан байна. Sepultura хамтлаг дэлхий даяаар 20 гаруй сая хувь цомгоо борлуулсан метал хөгжмийн чиглэлийг тодорхойлогчдын нэг юм.
Machine Messiah (2017)
2013 онд "The Mediator Between Head and Hands Must Be the Heart" цомгоо гаргаснаас хойш удтал хүлээлгэсний эцэст Machine Messiah цомог худалдаанд гарсан эхний 7 хоногтоо Америкт маш олон хувь зарагдсан байна. Учир нь Sepultura хамтлагийг фэнүүд нь үгүйлж байсных биз. 12 дуутай Machine Messiah цомгийн талаар хөгжим судлаачид маш өндөр үнэлгээг өгч байгаа ба ялангуяа уг цомгийн бөмбөрийн тоглолтууд гайхамшигтай болсон байна.
Ингээд уг цомгийн хоёр дахь сингл "I Am The Enemy" дууны клипийг толилуулж байна. Энэ сарын 24-ны өдөр тэдний амьд тоглолтыг Монголдоо үзэх боломжтой болж буй тус хамтлагийн фэнүүдэд баяр хүргэе.
Тоглолтыг зохион байгуулагч У.Үнэнхүүг манай сайт "Цайны Цагийн Зочин" шууд ярилцлагад урьж тоглолтын талаар ярилцсан ба уг ярилцлагыг үзэхийг хүсвэл энд дарна уу.