Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн санаачлан өргөн мэдүүлж, УИХ өчигдөр яаралтай горимоор хуралдан "хэлэлцэх нь зүйтэй" гэсэн шийдвэрийг өчигдөр гаргасан.
Чуулганы үеэр тус хуулийг дэмжиж үг хэлсэн УИХ-ын гишүүдийн үгийг тоймлон хүргэж байна.
-Монгол төр өнөөдөр чухал шийдвэрийн өмнө ирээд байна гэж ойлгож байгаа. Бидний сүүлийн хэдэн сар ярьж байгаа асуудлуудад хариуцлагын тогтолцоо чухал байна. Монгол улс баялгийн хараалаас гарахын тулд хариуцлагын тогтолцоо зайлшгүй шаардлагатай байна. Миний хувьд байгуулсан Засгийн газар, томилсон УИХ-ын даргадаа хариуцлага тооцсон. Хууль, шүүхийнхэнд зайлшгүй хариуцлаг тооцох шаардлага байна. Албан тушаалаас нь буулгах бол хариуцлага тооцож байгаа нэг хэлбэр мөн. Олон төрлийн бонд, Эрдэнэтийн 48 хувь, Оффшор бүсийн асуудал, АСЕМ, Үнэ тогтворжуулах хөтөлбөр бүхэн хууль, шүүхийн өмнө гацаж байна. Ийм учир энэ төслийг бүрэн дэмжиж байгаа.
-УИХ-ын 2012 оны сонгуулиар өвөрхангайчуудын олонхын саналыг аваад, Тойргийн хороо нь хүлээн зөвшөөрөөд байтал нэг л өдөр Хан-Уул дүүргийн Мөнхбаяр гэгч шүүгч "давж заалдах эрхгүйгээр" шийдвэр гаргаж миний ялалтыг үгүй болгож байсан. Тухайн үед би Мөнхбаяр шүүгч шударга бусаар шийдвэр гаргаж, хөрөнгө мөнгөтэй хүнд үйлчиллээ гэж бодож байсан. Гэтэл би шударга бусын хонгилоор орж явснаа ойлгоогүй байж. Хонгилдоо аваачаагүй, эрүүдэн шүүгдээгүй нь миний аз юм уу даа. Энэ асуудлыг арилгах цаг нь болсон. Иймд энэ саналыг дэмжиж байна.
-Үндсэн хуульд нийцсэн хууль өргөн барьсан. Үндсэн хуулийн дагуу болон салбар хуулийн дагуу томилгоо хийдэг байгууллагуудад ҮАБЗ-ийн зөвлөмж очих юм. Түүний дагуу хугацаат албан тушаалтнуудыг чөлөөлөх, түдгэлзүүлэх асуудлаа тухайн байгууллагууд эрх мэдлийнхээ хүрээнд хийгээд явна. Зөвхөн Ерөнхий прокурорын бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг түдгэлзүүлдэг байсан бол одоо ҮАБЗ-ийн зөвлөмжөөр явна.
-Монгол Улсад системийн өөрчлөлт МАНАН мафийн эсрэг хувьсгалт тэмцэл эхэлснийг зарим хүн ойлгохгүй байх шиг байна. Намчирхаад байх юм. Хувьсгалын үед намчирхдаггүй юм. МАНАН мафийн гарт хууль хүчний байгууллага байна. Энэ мафиас төрийг салгаж өгөөч гэж олон түмэн хүсч байна. Тэгэхэд манай нам, танай нам гэж яриад байгаа хүмүүс
дэндүү өчүүхэн байна. Гүржид хувьсгал гарсны дараа 500 прокурор, 450 шүүгч, 1000 цагдааг халж байсан юм. ҮАБЗ-ийн гурван гишүүн ярьж байгаад Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Монгол төр 30 жил толгойгүй явсан юм шүү. Одоо толгойтой болгоё гэж энэ хуулийн төсөл орж ирж байна. Юун нам, Монголд нам байхгүй болоод удаж байна. Намайг хөөсөн АН бол МАНАН-гийн халаасанд орсон шүү. Энэ хуулийг өнөө маргаашийн дотор яаралтай батлах шаардлагатай.
-Ерөнхийлөгчийн санаачилсан хууль бол зөвлөмж буюу чиглэл гаргах хууль учир зарим гишүүдийн хэлж байгаа "төрийн эргэлт" ч юм уу, "Үндсэн хууль зөрчсөн" асуудал болохгүй ээ. Монголд шударга ёс үндсэндээ алдагдсан. Алдагдсаны гол жишээ бол шүүх эрх мэдэлд ард түмэн итгэхээ больсон. Иргэдийн 80 хувь нь шүүхэд итгэхгүй байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь ҮАБ-д ноцтой аюул учирлаа гэж хэлж болно. Иймд ҮАБЗ зөвлөмж гаргасан гэж ойлгож байна. Хэрэв энэ зөвлөмжийг биелүүлэхгүй бол яах вэ гэсэн асуултыг асуумаар байна. Шүүгч нарыг бид хангалттай эрхлүүлсэн. Төрийн байгууллагууд дотроос хамгийн өндөр цалинтай. Гэтэл байдал өөрчлөгдсөнгүй. Шударга бус шийдвэр гарсаар байна.
-ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэлэлцэж байгаа учир Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж үзэж байна. Шүүхийн шударга бус байдлын тухай бичлэг олон нийтэд ил болох гэж байна. Үүрэг хүлээсэн УИХ-ын гишүүд яагаад дуугүй байна вэ гэдгийг ярих ёстой. Арга мухардаад ҮАБЗ-ийн гурван гишүүн энэ хуулийг оруулж байгаа гэдгийг олон түмэн харж байгаа байхаа гэж бодож байна. Цаашид бид хууль, хяналтын тогтолцоог эрүүл болгохын тулд энэ хүмүүсийг солихоос гадна тогтолцоог эрүүлжүүлэх ёстой.
-Оруулж ирсэн энэ хуулийг би дэмжиж байгаа. ҮАБЗ-ийн гурван гишүүнд би талархаж байна. Олон хэрэг шийдэгдэхгүй, дарагдаж байна гэж бид олон жил ярьсан шд. Ерөнхий прокурор, шүүгчийг солъё гэхээр "болохгүй, зургаан жилээр томилсон" гэсэн зүйлийг бид сүүлийн жилүүдэд ярьсаар өдий хүрсэн. Гэтэл үүнийг гарцыг олоод, ийм хууль оруулаад ирсэнд би талархаж байна. Би дэмжиж байна. Энэ хуулийн төсөл Үндсэн хууль зөрчиж байна гэж зарим хүн мэдэгдэл хийгээд байх юм. Би Үндсэн хууль зөрчсөн гэж ерөөс харахгүй байна. Ингэж хэлэхээр нь би Үндсэн хууль харлаа л даа. Энд ерөөс зөрчсөн зүйл алга байна. ҮАБЗ зөвлөмж гаргана гэсэн байна. Зөвлөмж гаргасан байна. Иймд Үндсэн хуулийн суурь зарчмыг нураах гэж байна гэсэн яриа хэрэггүй байхөө гэж бодож байна. Бид 29 жил ийм юм яриад, шийдэж чадахгүй явсаар ирсэн. Одоо энийгээ зогсоо.
Бид маш ноцтой асуудлыг сонсчихоод байгаад байна. Дэлхийд шившиг болох асуудал бий болчихоод байна. Бид мэдэхгүй байсан. Хүнийг тамлаж, хэрэг хүлээлгэсэн гэдэг нь тодорхой болчихлоо. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бичлэгийг ил болго гэсэн. Үүнийг бид яаралтай ярих ёстой.
Юманд цаг хугацаа бий. Бид одоо л шийдэхгүй бол хэзээ ч шийдэхгүй. Бид л шийдэхгүй бол хэн ч шийдэхгүй.