Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн хүмүүс онлайнаар захиалах боломжтой болов. Өмнө нь иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн төв суурин газарт байрлах улсын бүртгэлийн газарт биечлэн ирж авдаг байсан бол өчигдрөөс эхлээд иргэний үнэмлэхээ дахин авах иргэд улсын бүртгэлийн цахим систем burtgel.mn сайтаар орж захиалах боломжтой болсон байна.
Тухайн иргэн харьяалал харгалзахгүйгээр интернэтээр захиалаад хаанаас ч авах боломжтой бөгөөд өөрөө болон тухайн иргэний хамаарал бүхий этгээд цахим үнэмлэхийг нь очиж авах боломжтой болсон бөгөөд удахгүй шуудангаар гэрт нь болон ажил дээр нь шууд хүргүүлэх үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Цахимаар захиалахдаа мэдээллээ үнэн зөв бөглөөд 48300 төгрөг төлөөд захиалгаа баталгаажуулснаас хойш Улаанбаатар хотод хүлээн авах бол 3-5 хоног, хөдөө орон нутагт 10 хоногийн дараа цахим үнэмлэхээ авах юм байна.
Анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй. Мөн 25, 45 настайд дахин шинэчилж иргэний үнэмлэх авахдаа онлайнаар захиалахгүй. Эдгээр тохиолдлуудад хурууны хээг дахин авах учраас заавал УБЕГ дээр биеэр очно. Бусад тохиолдолд онлайнаар захиалж болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.