ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид дөнгөж сая ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг болон Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг баривчлан авчирлаа. Тэднийг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдүүлэг авахаар ийнхүү тусгай ажиллагаа явуулсан гэж мэдээлж байна. О.Орхоны талаар өчигдрөөс ХХБ-ны Гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж байгаа тухай мэдээлэл гарч эхэлсэн.
Монгол улсын Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 9-ний хаалттай хуралдаанд ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон оролцож, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах талаар сайд нарт танилцуулга хийн, улмаар түүний удирдсан "TDB capital" компани нь тус худалдан авалтын санхүүгийн зөвлөхөөр ажилласан болох нь өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нууцаас гаргасан баримтаар батлагдаад байгаа.
Зохион байгуулалттай, маш том хуйвалдаан явсан нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн яриа, тайлбар, шургуу оролдлогоос харагдаж байгаа юм. Энэ бүхэнтэй холбогдуулан О.Орхонд эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь өнөөдрийн баривчилгаанаас тодорхой боллоо.
Харин ТУЗ-ийн дарга, нууц ноёнтон Д.Эрдэнэбилэгийн хувьд энэ бүх ажиллагааг удирдан зохион байгуулсан, 1988 онд төрсөн Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нараар халхавчилж, 28 хоногийн дотор 400 сая ам.долларыг цуглуулан, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан, авахдаа 72.4 хувийг нь төрийн санхүүжилтэр бүрдүүлсэн гэх хэрэгт буруутгаад байгаа юм.