Лондон хотноо энэ сарын 13-20 өдрүүдэд дэлхийн шилдэг 16 биллиардчид хоорондоо өрсөлдөх снукер биллиардын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг "Мастерс-2019" тун ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна.
Урьд шөнө хагас шигшээ тоглолтууд үнэхээр уйдамгүй гал гарсан тоглолтуудаар дүүрэн байлаа. Эхний тоглолт дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж байгаа домогт тамирчин Ронни О Сулливан Ази тивийн төлөөлөл дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй БНХАУ-ын тамирчин Динг Жунхуй нарын хооронд явагдлаа. Урьд өмнө нь хоёр тамирчны хувьд 19 удаа учраа тааран тоглоход 12 удаад нь Ронни хожиж 3 удаа тэнцэж байсан юм. Өчигдөрийн тоглолтод 6:3 харьцаагаар Ронни хожлоо. Ийнхүү Ронни Дингтэй сүүлийн гурван удаа учраа тааран тоглоход гуравууланд нь дараалан хожоод байна. 2018 оны эхэнд дэлхийн гран при тэмцээний финалд учраа таарахад Ронни 10:3 харьцаагаар хожиж байсан бол 2018 Players Championship тэмцээний шөвгийн 8-д учраа таарахад мөн Ронни 6:3 харьцаагаар хожиж байсан юм.
Өчигдрийн тоглолтын тухайд Ронни эхний 4 фреймийг төвөггүйхэн авч тоглолтын харьцааг 4:0 болголоо. Харин 5 болон 6 дахь фрейм дээр Динг эргэн ирэлтийг маш хүчтэй хийж хоёр фрейд хоёуланд нь 100-аас дээш оноо авч хожлоо. 5 дугаар фреймийг 107 оноотойгоор, зургаадугаар фреймийг 122 оноотойгоор дуусгав. Ялангуяа сүүлийн зургадугаар фреймд Динг снукер биллиардын хамгийн өндөр оноо болох 147 оноо авах бүрэн боломжтой байсан хэдий ч харьцангуй хялбар шар шаарыг алдаж 147 оноо авах боломжоо алдлаа. Ронни түүний өмнөөс харамсаж байсан юм. Дашрамд сонирхуулахад Динг өмнө нь 147 оноог 6 удаа авч байсан байна.
Ингээд уг тоглолтыг бүрэн эхээр нь үзэж сонирхоцгооё.