Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /зургаадугаар сарын 18-ны өдөр/ зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдана.
ДАШТ-ий эхний таван өдрийн дараах байдлаар Япон улсын баг зургаан алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн хүснэгтийг хол тасархай тэргүүлж байгаа бол Франц улсын баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар дэд байранд эрэмбэлэгдэж байна. Харин манай улсын хувьд эрэгтэйчүүдийн -60кг жинд К.Ёолк, эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч нарын хүртсэн хүрэл медалийн амжилтаар 12 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж буй монголын баг, бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр /зургаадугаар сарын 18-ны өдөр/ хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -100кг, эмэгтэйчүүдийн -78кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас эрэгтэйчүүдийн -100кг жинд Ази, номхон далайн орнуудын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт залуу бөх Б.Хүдэрчулуун зодоглоно.
Тэрээр эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Европын 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Их Британийн Оливер Барраттай барилдах оноолттой байна. Энэ нь эрэгтэйчүүдийн -100кг жингийн С хэсэг бөгөөд тус хэсгийг 2023 оны залуучуудын дэлхийн аварга бөгөөд 2024 оны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт Японы Арай Дота тэргүүлэн барилдана.