Жүдо бөхийн олимпын хошой аварга (2012, 2016), 2010 оны дэлхийн аварга АНУ-ын Кайла Харрисон холимог тулааны дэлхийн шилдэг UFC холбооны аварга боллоо.
Тэрээр жүдо бөхийн төрлөөр олимпын наадамд түрүүлсэн АНУ-ын анхны тамирчин төдийгүй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн мөн АНУ-ын анхны тамирчин юм.
2018 оноос холимог тулааны төрөлд хүч сорих болсон Харрисон PFL холбоонд анхлан тулалдаж ялалт байгуулж эхэлсэн байдаг. Тэр цагаас 2024 оныг хүртэл хэд хэдэн холбоонд тулалдсан Харрисон 2024 оны нэгдүгээр сард UFC холбооны Дана Уайттай гэрээ байгуулж байлаа. Мөн ондоо UFC 300 тоот тулаанд Холли Холмтой хүч үзэж ялалт байгуулсан юм. Улмаар 2024 оны 10 дугаар сард UFC 307 тоот тулаанд Кетлен Виейраг шүүгчдийн саналаар ялж өнөөдөр (2025 оны зургаа дугаар сарын 7-ны өдөр) UFC 316 тоот тулаанд UFC холбооны хоёр удаагийн аварга Жулианна Никол Пенаг хоёрдугаар үед Кимура өчилтөөр ялж холимог тулааны аваргын бүсийг авлаа.