Дэлхийн гурван удаагийн аварга Марк Уиллиамс дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трампыг 17:14 харьцаагаар буулган авч финалд шалгарлаа.
Мэргэжлийн снукер биллиардын финалд Марк Уиллиамс аварга 50 насандаа шалгарсан нь бас нэгэн шинэ рекорд болж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Марк хараа нь муудсан тул төдийлөн сайн тоглож чадахгүй байх хэмээн өөрөө мэдэгдэж байсан ч финал хүртэл гайхалтай тоглолтуудыг үзүүлж байна. Тэрээр дэлхийн аваргын финалд тав дахь удаагаа шалгарч буй нь энэ бөгөөд 1999 онд үзүүрлэж, 2000, 2003, 2018 онуудад түрүүлж байлаа.
Марк Уиллиамс өнөөдөр шигшээ тоглолтод өөрөөсөө 22 насаар дүү Заотой тулна. Тэд өмнө нь зургаан удаа учраа таарахад Марк Уиллиамс дөрвөн удаад нь хожиж байсан ч сүүлийн хоёр тоглолтод хоёуланд нь Зао хожоод байгаа юм.
Хагас шигшээд Трампыг хожсоныхоо дараа Марк Уиллиамс сэтгүүлчдэд хандан: "Сүүлийн үед миний хараа эрс муудаж харааны контакт линз хүртэл зүүж тэмцээнд орж байгаа. Гэхдээ дасгалжуулагч Ли Уолкерын зөвлөсний дагуу одоо линзгүй тоглож байна. Би Заотой бүр 12 настай байхад нь Хятадад тоглож байснаас санаж байна. Одоо түүнтэй дэлхийн аваргын финалд өрсөлдөх гэж байна. Гайхалтай тоглолт байх болов уу"
Харин Жадд Трамп: "Би багагүй алдаа гаргалаа. Харин Марк үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж байлаа. Тэр үүнийг хүртэх эрхтэй. Дөрөв дэх удаагаа дэлхийн аваргын цомыг өргөхийг чин сэтгэлээсээ түүнд хүсэж байна." хэмээсэн байна.
Дэлхийн аваргын финалын тоглолт өнөөдөр /5 сарын 4/ Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхлэх ба 35 фреймээр аварга тодрох юм.