Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Одоогийн байдлаар шөвгийн 8-д үлдэхийн төлөөх тоглолтууд явагдаж байгаа ба хамгийн эхэнд Крис Вакелин Марк Алленийг буулган авч шөвгийн 8-д орлоо. Хоёр тамирчны хувьд эхний 12 өргийн дараах байдлаар 10:2 харьцаагаар Крис Вакелин илт илүүрхэж байлаа. Харин 13 дахь өрөгт Марк Аллен снукер биллиардын хамгийн өндөр оноо болох 147 оноог авсан юм. Марк Аллен дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх 147 оноо авсан 11 дэх тамирчин болж байна. Тэрээр карьерынхаа турш таван удаа 147 оноо авсны хамгийн тодоор дурсагдах нь энэхүү дэлхийн аваргын дэвжээнийх байх нь дамжиггүй. Мөн түүнчлэн Марк Аллен снукер биллиардын хамгийн нэр хүндтэй гурван тэмцээн болох ДАШТ /2025/, Их Британийн аварга шалгаруулах тэмцээн /2016/, Мастерс /2024/ тэмцээнүүдэд бүгдэд нь 147 оноо авсан анхны тамирчин болж байна. Хэдийгээр тэрээр 147 оноо авсан ч харамсалтай нь ялагдал хүлээж ДАШТ-ий аяллаа энэ хүргээд өндөрлүүллээ.
Крис Вакелиний хувьд урьдчилсан шатнаас шалгарч дөрөв дэх удаагаа ДАШТ-д өрсөлдөж байгаа ба эхний тойрогт Нейл Робертсон аваргыг хожин шуугиан тарьсан залуу тамирчин юм.