Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуулиан шуугиантай эхэллээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны шинэхэн дэлхийн аваргын тоглолтоор эхэлсэн ч Кайрен Уилсон аварга эхний тойрогт хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.
Дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй Кайрен Уилсан аварга энэ удаа аварга цолоо хамгаалахаар бүх тамирчдыг тэргүүлэн тоглосон юм. Тэрээр эхний тойрогт урьдчилсан шатнаас гарч ирсэн 21 настай хятадын залуу тамирчин Лей Пэйфантай оноолт таарсан юм. Лэй Пэйфаны хувьд К.Уилсон аваргатай энэ оны эхэнд World Open тэмцээнд учраа таарч 5:1 харьцаагаар "бут ниргүүлж" байсан бол снукер биллиардын хамгийн том, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох ДАШТ-д аваргыг хожин шуугиан тарилаа.
К.Уилсон өрсөлдөгчөө зургаан фрейм дараалан хожиж тоглолтын харьцааг 6:2 болгосны дараа Лей Пэйфан дараалан долоон фрейм хожиж 6:9 болгон хүнд цохилт өгсөн юм. Эцсийн мөчид 10:9 харьцаагаар Лей Пэйфаны ялалтаар тоглолт өндөрлөлөө. К.Уилсон аварга есөн жил дараалан ДАШТ-д хамгийн багадаа хоёрдугаар тойрогт шалгарсан амжилт нь ийнхүү зогсож байна.
Тоглолтын дараа Лей Пэйфан: "Өнгөрсөн онд Шотланд Опен тэмцээнд түрүүлсэн нь миний хамгийн том амжилт байсан бол өнөөдөр ДАШТ-д анх удаа оролцож байгаа миний хувьд эхний тойрогт аваргыг хожсон нь төсөөлшгүй юм болж байна. Анх оноолтоо хараад надад боломж байхгүй нь дээ л гэж бодож байснаа нуумааргүй байна. Олон жил зурагтаар харсан орчинд өөрийн биеэр орохдоо их сандарсан ч хэт их бодох хэрэггүй, зүгээр л чөлөөтэй өөрийнхөө тогло гэж өөртөө хэлээд хичээсэн нь үр дүнгээ өглөө. "