Засгийн газрын түүхий ноолуурын экспортыг хязгаарлаж, 100 хувь угааж самнасан ноолуур гаргах шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ноолуур үнэгүйдэж, малчид түүхий ноолуураа борлуулж чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл гараад буй.
Уг асуудалд ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч нар “Засгийн газрын тогтоолтой холбогдуулж түүхий ноолуурын ханш унасан гэдэг нь ташаа мэдээлэл. Дотоодын үйлдвэрлэлүүд эхэлж, анхан шатны боловсруулах үйл ажиллагаа эхэлсэн. Аймаг орон нутгийн ноолуурын чанараас хамаарч ханш өөр байдаг. Түүхий ноолуур 130-160 мянган төгрөгөөр авч байна" гэх мэдээллийг өгсөн юм.
Үүсээд буй асуудалтай холбогдуулан салбарын сайд дараах мэдээллийг өглөө.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:
-Монгол Улс мал аж ахуйн түүхий эдээ бүрэн боловсруулж экспортлох, үйлдвэрлэлээ хөгжүүлэх “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Арьс, шир, ноос ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос гэсэн таван гол бүтээгдэхүүний боловсруулалтыг сайжруулж экспортолно. 2022 онд Монгол Улс дотооддоо ноолуураа 100 хувь угааж чаддаг болсон. Дараагийн түвшний боловсруулалт буюу ноолуураа 100 хувь самнах бодлого гурван жилийн өмнө гарсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд үйлдвэрүүд хөрөнгө оруулалт хийж, хүчин чадлаа өргөтгөж угаасан ноолуураа самнах хүчин чадлыг бүрэн суурилуулж дууссан. Угаах процессоос самнах хооронд багаар бодоход 500-600 тэрбум төгрөгийн нэмүү өртөг манай улсад үлдэнэ. Энэ татвар, цалин хөлс болж улсдаа үлдэнэ гэсэн үг.
Дэлхийн нийтийн тарифын зөрчил дунд бид чадавхаа нэмэгдүүлж чадсан учир ноолуур харьцангуй бага доголдож байна. Зүүн гурван аймгийн ноолуурын 90 хувийг 150-160 мянган төгрөгт худалдан авч дуусаж байна. Одоо дунд бүсийн ноолуурын худалдан авалт эхэлж байна. Газар зүйн байрлал, өвөлжилтийн байдалтай холбоотойгоор ноолуурын үнэ тогтдог. Зүүн талдаа илүү нарийн ширхэглэг, баруун тийш чанар өөр болж эхэлдэг. Үүнийгээ дагаад 20-40 мянган төгрөгийн үнийн хэлбэлзэл явдаг. Төвийн бүс дээр ноолуур 120-140 мянган төгрөгтэй байгаа.
Дундын бүсэд ченжүүдээр дамжиж хятадын үйлдвэрүүдийн түүхий эдийн бэлтгэл болж 500-600 тэрбум Монголоос гарч байсан. Энийгээ дотооддоо үлдээе гэж байгаа юм. Ийм учраас “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрүүдээ босгох зорилт тавьж байна шүү дээ. Энэ асуудлыг улс төр болгож, 500 тэрбум төгрөгийн ашиг олох гэсэн том эрх ашиг байна. Үндэсний үйлдвэрүүдээ босгож байж манай мал аж ахуй тогтвортой хөгжинө гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.