Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлын намын бүлгүүдэд танилцуулсан билээ. Уг асуудлаар зарим гишүүдийн байр суурийг тодруулсан билээ. Энэ удаад Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбаттай ярилцлаа.
Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат:
-Улсын ерөнхий прокурорыг улирааж болохгүй гэсэн хууль байхгүй. Төрийн албаны хууль чинь 65 хүртэлх насны гээд заачихсан. Үндсэн хууль дээр жишээлбэл, Ерөнхийлөгчийг нэг удаа сонгоно гэсэн байгаа бол Ерөнхий прокурорыг нэг удаа гээгүй, зургаан жилээр л гэж заасан. Тэгэхээр энд бол хууль зүйн хувьд болохгүй байгаа асуудал байхгүй гэж ойлгож байгаа.
Ерөнхий прокурорыг улс төрөөс хараат бусаар томилж байж, прокурор шударга ажиллах боломж бүрдэнэ. Өнөөдөр хуулийн байгууллагыг улс төрийн захиалгаар ажиллаж байна гээд байгаа. Ямарваа нэг ажил хийж байгаа хүнд улс төрчид нөлөөлөх бололцоотой байгаа учраас л ийм байдал гарч байна. Чөлөөлж болдог, дуудаад загнаж болдог нөхцөлд л ажиллаж байна. Өнгөрсөн бүх хугацаанд улс төрчид нөлөөлж ирсэн.
Зарим улс төрч шүүх болохгүй байна гэж шүүмжилдэг. Нөлөөлж болохгүй болохоор л уурлаад байгаа байхгүй юу. Прокурорыг яагаад болохгүй байна вэ гэхээр нөлөөлж болоод байсан юм байлгүй. Гэхдээ нэг хэсэг байж байгаад л прокурор руу дайраад эхэлдэг. Нөлөөнд нь орохгүй болоод эхлэхээр тэр. Хараат бус байдлыг хангасныхаа дараа хариуцлага ярьж болно шүү.
Сүүлийн үед улс төрчид прокурорт маш идэвхитэй нөлөөлдөг болчихсон. Улс төрчдөд хэрэг ямар хамаатай юм бэ. Эрүүгийн хэргийг хаанаас олж мэдээд яриад байгаа юм гэдэг их сонин гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.