Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж шөвгийн найман баг тодорлоо.
А хэсгээс нэг ч хожил байгуулж чадалгүй Германы баг хасагдсан бол В хэсгээс мөн л хэсэгтээ нэг ч хожил байгуулж чадалгүй Казахстаны баг хасагдлаа. Хэсгийн хамгийн оргил тоглолтууд урьд шөнө явагдсан ба А хэсгийн толгой багууд болох АНУ болон Канад, В хэсгийн тэргүүн багууд болох Швед, Чехийн хооронд ширүүхэн тоглолт боллоо.
Канад болон АНУ-ын хувьд нэг хэсэгт орсон тул хэсэгтээ болон магадгүй цаашлаад хагас шигшээд дахин учрах магадлалтай байлаа. Урьд шөнийн тоглолтод АНУ-ын баг 4:1 харьцаагаар илүүрхэн хэсгээсээ нэгээр гарч шөвгийн наймд В хэсгээс дөрвөөр гарсан Швейцартай тоглохоор боллоо. Харин Канадын хувьд хэсэгтээ АНУ болон Латвид хожигдсон тул гурваар гарч хасагдах шатанд В хэсгээс хоёроор гарсан Чехтэй тоглохоор боллоо.
В хэсэгт нэг ч хожигдолгүй явж байсан Швед болон Чех улсын багууд хэсгийн сүүлийн тоглолтод урьд шөнө тоглолоо. Энэ удаа Швед илүүрхэн 4:2 харьцаагаар ялалт байгуулснаар хэсгээсээ нэгээр гарч хасагдах шатанд Латвитай тоглохоор боллоо.