Шайбтай хоккейн 49 дэх удаагийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Канад улсын Оттава хотноо зохион байгуулагдаж байна.
Энэ сарын 26-ны өдөр хөшгөө нээсэн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд уламжлал ёсоор 10 улсын баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Тодруулбал А хэсгийг өнгөрсөн оны дэлхийн аваргаар түрүүлсэн залуучуудын дэлхийн зургаан удаагийн аварга АНУ тэргүүлж байгаа бол тус хэсэгт дэлхийн 20 удаагийн аварга хүчирхэг Канад, таван удаагийн аварга Финланд, Латви, Герман зэрэг багууд багтаж байна.
В хэсгийг өнгөрсөн оны дэлхийн аваргын үзүүр магнай, дэлхийн хошой аварга Швед тэргүүлж, дэлхийн хошой аварга Чех, Словак, Швейцар, Казахстаны шигшээ багууд багтаж байна.
Хэсгийн эхний дөрвөн тоглолтын дараах байдлаар дэлхийн аваргын "үхлийн хэсэг" хэмээн нэрлэгдээд буй А хэсэгт АНУ-ын баг Германыг 10:4, Латвийг 5:1 харьцаагаар бут ниргээд байгаа бол Канадын баг Финландыг 4:0 харьцаагаар хожсон ч Латвид 3:2 харьцаагаар хожигдоод байна.
В хэсэгт таамгийн дагуу Чех, Шведийн багууд илүүрхэж байгаа ба Чех Швейцарыг 5:1, Казахстаныг 14:2 харьцаагаар бут ниргэлээ. Харин Шведийн баг Словакийг 5:2, Казахстаныг 8:1 харьцаагаар буулган аваад байна.