Мэргэжлийн снукер биллиардын Ирланд Опен тэмцээний шөвгийн дөрвөн тамирчин тунан үлдлээ.
Шөвгийн дөрөвт дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп Английн залуу тамирчин болох Эллиот Слессортой, шинэхэн дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй Кайрен Уилсон Хятадын залуу тамирчин Пан Жуншитэй тус тус тоглохоор тунан үлдээд байна. Английн тамирчин Эллиот Слессортын хувьд харьцангуй "хялбар" замаар хагас шигшээд шалгарсан ба харин Хятадын залуу тамирчин Пан Жунши хагас шигшээ хүртэл дэлхийн аварга Лука Бресел, Нейл Робертсон нарын шилдгүүдийг буулган авч гарч ирсэн юм.
Шөвгийн 8-д дэлхийн аваргуудын дуэл үзэгчдийн анхаарлын төвд орлоо. Тодруулбал дэлхийн гурван удаагийн аварга Марк Уиллиамс болон шинэхэн дэлхийн аварга Кайрен Уилсон нар 18 дахь удаагаа учраа таарсан юм. Өмнө нь учраа таарахдаа 11 удаа хожоод байсан Кайрен Уилсон аварга энэ удаад ч илүүрхэн хожил байгууллаа.
Харин нөгөө талд мөн л дэлхийн аваргууд болох Жадд Трамп болон Шаун Мөрфи нарын дэлхийн аваргуудын дуэл үзэгчдийн анхаарлын төвд байсан нь дамжиггүй. Энэ тэдний 42 дахь удаагийн учраа тааралт байлаа. Трамп аварга Ирланд Опен тэмцээний түрүүгээ нэмэхээр хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж буйгаа баталж Шаун Мөрфиг 5:1 харьцаагаар буулган авлаа.