Паркийн галзуу хулгана дээр тоглосон 18 настай иргэний зүрх нь хаагдаж, нас барсан талаар бид мэдээлсэн. Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.
ЦЕГ-Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг:
-Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна" гэх мэдээллийг ирүүлсэн.
Уг дуудлага мэдээллийн дагуу шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажилласан. Шалгалтаар тухайн иргэн галзуу хулгана тоглоомд суугаад буухдаа ухаангүй байсан. Улмаар түргэн тусламж дуудаад үзүүлэхэд нас барсан нөхцөл байдал тогтоогдсон.
Хэрэгт холбоотойгоор тухайн тоглоомоос унаж нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг хэлье.
Талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор Шүүх шинжилгээний байгууллага задлан шинжилгээнд оруулах ажиллагааг хийж байна.
Шалгалтын явцад тухайн иргэн Үндэсний соёл амралтын хүрээлэнд цагийн ажил эрхэлдэг байсан нь тогтоогдсон. Насанд хүрсэн иргэн байсан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.