Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж их хэмжээгээр эзэмшүүлэхээр болсон нь УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний” гэх нээлттэй сонсголоор илэрхий болоод буй. Үүнтэй холбоотойгоор хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцуулах чиглэлийг Засгийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хүргүүлсэн билээ.
Өдгөө АТГ-т дээрх сумын нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэхээр олгосон 38 захирамжтай холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, НПГ-аас хяналт тавьж байна. Дөнгөж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн учраас одоогоор хэн нэгнийг холбогдуулан шалгаж эхлээгүй.
Харин Газрын тухай хуулийн 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж заасан байдаг.
Харин 27.2-т нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэх заалтыг зөрчин Өмнөговь аймаг, Ханбогд сумын удирдлага нь хууль бусаар их хэмжээний газар олгох явдал гарсан юм.
Тиймдээ ч “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, мөн сумын Засаг дарга асан, дараа нь Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаал хашиж байсан Ш.Эрдэнэжаргал тэргүүтэй 11 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр НПГ-т шилжүүлснийг бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар өнгөрсөн баасан гарагт АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийхдээ ч тодорхой дурдсан юм.
Газрын тухай хуульд зааснаар Засаг дарга газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа төсөл шалгаруулах журмаар шийдвэрлэхээр хуульчилсан. Гэтэл Ш.Эрдэнэжаргал, Х.Нэхийт нар үүнийг зөрчин Цагаан хадны суурьшлын бүс дэх гаалийн хяналтын талбайд сонгон шалгаруулалт төдийлөн явуулалгүйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд газар олгосон байдаг
Тухайлбал, Ш.Эрдэнэжаргал 2020 оны наймдугаар сарын 7-нд А/225 дугаартай захирамж гаргаж, эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Ван Юи Ханы нэр дээрх “Фүжи бит” ХХК-д Цагаан хад суурьшлын бүсэд 13.6, өмнөд хөршийн иргэний эзэмшлийн “Ийзи транспорт” ХХК-д 14.5, мөн оны есдүгээр сарын 29-нд А/249 дугаартай захирамжаар Као Шанли гэх хятад хүний эзэмшлийн “Силвер титан интернэйшнл” ХХК-д 13, тухайн оны арваннэгдүгээр сарын 5-нд А/295 дугаар захирамжаар Монгол Улсын иргэн З.Ганбатын эзэмшлийн “Бат орших баян” ХХК-д 18 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэнэ.
Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийн хувьд мөн л Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тодорхой болсон байна.
Тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд А/364 дугаартай захирамжаар Б.Тамирзоригийн эзэмшлийн “Сан Арвитай” ХХК-д 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар, 2021 оны есдүгээр сарын 17-нд А/295 дугаартай захирамжаар “Лилия гарден” ХХК-д Цагаан хаданд 10, мөн оны хоёрдугаар сарын 3-нд А/30 дугаартай захирамжаар Темел Мансур хэмээх эцсийн өмчлөгчтэй, Алтанбагана гэдэг ӨМӨЗО-ы иргэн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Соронзонговь” ХХК-д 20, 2021 оны аравдугаар сарын 6-ны А/315 тоот захирамжаар С.Алимаагийн үүсгэн байгуулсан, БНХАУ-ын иргэн Ван Шулон хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй “Аз хур трэйвэл” ХХК-д гаалийн хяналтын талбайн зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нэр дурдсан гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээс “Ийзи транспорт”, “Силвер титан интернэйшнл”, “Лилия гарден”, “Соронзонговь”, “Фүжи бит”, “Бат орших баян” ХХК-д газар эзэмшүүлэхээр олгох шийдвэр гаргахад аймгийн Засаг болон ИТХ-ын дарга асан Б.Бадраагийн нөлөө, түүний хүү Б.Наранболдын газрын наймааны бизнес нэлээд нөлөөтэй байж болзошгүй гэх мэдээлэл ч бий юм.
Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан атал түүнийг мөн Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин өмнөд хөршийн аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар газар эзэмшүүлсэн Б.Бадраа, Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг шинээр нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт дахин шалгаж ч болзошгүй.
Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бадраа нүүрсний хулгайгаар мөнгө олж байж ямар шуналтай п и з д у вэ
Нээрэй энэ улс мөхөж бга юм бна дө
Эд нарыг ч яах вэ. Хураахыг нь хураагаад шийтгэнэ биз. газар нутгаа яаж буцааж авна даа!
Гаргасан бүх зөвшөөрлийг нь хүчингүй болго ёстой.