Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй хүмүүсийг Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авч хятадуудад өндөр үнээр худалдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн хууль сахиулагчид шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.
ЭЦА-ныхан Б.Бадраа, түүний хүү Б.Наранболдын гэрт прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сум гарсныг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Мөн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтнуудын гэрт болон ЗДТГ-ын албан өрөөнүүдэд нь 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд нэгжлэг хийж их хэмжээний төгрөг, валют хураасныг бид цаг тухайд нь мэдээлсэн билээ. Мөрдөн шалгах ажиллагааг сүр дуулиантай эхлүүлснээс хойш хэрэг хэрхэж буй нь тодорхойгүй болов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум 2020-2021 онд Цагаан хад орчимд гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газар олгосон аж. Ингэхдээ эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэн газар өгч, цааш нь дамлан зарсан асуудалд тэднийг холбогдуулаад буй бөгөөд ЭЦА-наас харьяаллын дагуу дээрх нэр бүхий албан тушаалтнуудын үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн юм байна. Бидэнд олдсон мэдээллээр өдгөө дээрх албан тушаалтнуудад холбогдох хэргийг УЕПГ-т татаж хянаж буй гэнэ. Хэрэгт шалгуулж буй хүмүүс прокурорын байгууллагын дээд шатны албан тушаалтнуудад гомдол гаргаснаар ийнхүү тус газарт хянаж эхэлснийг хэд хэдэн эх сурвалж батлав.
Өмнөговь аймагт газрын наймаа цэцэглэн ханш тогтож нэг га газрыг 100 сая, 10 га газрыг 800 сая төгрөгөөр зарж байсан гэдэг. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасныг зөрчин газар нутгаа үнэлж худалдсан гэх үйлдлийг хууль хяналтын байгууллага хэрхэн шийдвэрлэж буй талаар бид эргэн мэдээлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бадрааг барах уу?