2023 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 326 дугаар ангид цэрэг нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг өчигдөр /2023.11.13/ өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийн талаар ЗХЖШ-аас мэдээлэл өгсөн бол алба хаагчдын ар гэрийнхэн үүсээд буй нөхцөл байдлыг 326 дугаар анги дээр очиж тодруулжээ.
ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал:
-"Өглөө "сэрэх" командаар сэрээгүй тул нас барсан болохыг нь мэдсэн. Шуурхай бүлэг очиж ажиллахад урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү мэдээлэл өгөх боломжгүй. Шүүх шинжилгээний байгууллага үзлэгээ хийгээд, шийдвэрээ гаргаад цогцсыг аваад явсан" гэж өчигдөр орой 22 цагийн үед мэдэгдсэн.
Харин Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-өөс "Прокурорын байгууллагын шууд хяналтад мэргэжлийн байгууллагаас шинжилгээ хийж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлж байна" гэх мэдээллийг өгсөн юм.
Талийгаач цэргийн ар гэрийн зүгээс цэргийн албанд татагдаад 20 хонож буй хүүгээ алдсандаа ихээхэн гомдолтой байгаа илэрхийлж байгаа юм.
Мөн тус 326 дугаар ангид талийгаачтай хамт алба хааж байсан цэргийн албан хаагчдын эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ уулзах, эрүүл мэндийн үзлэгт оруулах хүсэлт тавьсан юм. Тэдний хүсэлтийг хүлээн авч тус ангид алба хааж байгаа цэргүүд эцэг эхтэйгээ өчигдөр уулзжээ.
Харин өнөөдөр тус ангийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт шинжилгээнд хамруулахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.