УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хууль санаачлагч хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Бага насны хүүхдийг хүчиндэх үндсэн гурван шалтгаан бий. Гэр бүл салалт, архидалт, хүүхдэд тавих анхаарал халамж байхгүйгээс л болдог. Нийгмийн ажилтан байхгүй, гудамж гэрэлтүүлэггүй, такси үйлчилгээ муугаас боллоо гэж ярих юм. Эрүүгийн хуулинд эцэг эхийн хариуцлагын тухай асуудал гэж байна уу. Хүчирхийлэлд дагавар хүүхэд хамгийн их өртдөг. Хамгаалах үүрэг хүлээсэн эцэг эх яагаад үүргээ биелүүлэхгүй байгаа дээр анхаарах ёстой.
Хуулинд 0-14 насыг 16 болгож нэмж байгаа юм байна. 16 нас бол маш өөр тоо шүү. Бараг насанд хүрсэн байхад том үр дүнд хүрэх үү? Судлаачдаас асуухад 16 нас болгосноор залуучуудыг гэмт хэрэг рүү бөөнөөр нь аваачаад оруулчих вий. Хайр дурлал, янз янзын л асуудал үүсдэг. Ухамсарт нас шүү дээ.
Ажлын хэсэг:
-Одоогийн эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт, хүүхдээ асран хамгаалах үүргээ үл биелүүлснээс болж хүүхдэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан бол эцэг эх, асран хамгаалагч, хариуцан дэмжигчид 2-8 жил хүртэл хорих ял оноох заалт бий.
Иргэний эрхзүйн чадвар чадамжийг иргэний хуулиар зохицуулдаг. Бэлгийн амьдралд шийдвэр гаргах чадамжийн насны хязгаарыг 16 хүртэлх нас гэж олон улсад үздэг байна. Шинэ хуулиар 16 хүртэлх буюу 15 нас 11 сар гэж тусгасан.
Эцэг эх байх эрхтэй холбоотой асуудлаар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулиар зохицуулсан байдаг. Хүүхдийн эрхийн эсрэг бусад гэмт хэргийг тусгасан бүлэгт хүүхдийг хаях төөрүүлэх, гуйлга гуйлгах, хайхрахгүй орхих зэрэг буруутай үйлдэлд хариуцлага тооцохдоо эцэг эх байх эрхийг нь хасах заалт байдаг.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Би уг нь хууль асуугаагүй. Хууль тайлбарлаад байх юм. Судлаач нараас хууль өөрчилснөөр гарах үр дүн ийм байна, тооцоолол ийм байна, олон улсын туршлага сургамж ийм байна гэх судалгааг асууж байна. 14-ыг яагаад 16 болгож байгааг л асуугаад байна. Нийгмийн нөхцөлд тохирсон үр дүн өгөх хууль батлах хэрэгтэй байна. Тэрнээс хэт чангалснаар үр дүнд хүрэхгүй шүү дээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Бага насыг 14 байсныг 16 болгосноор амьдралтай зөрчилдөх асуудал гарч болзошгүй эрсдэл нь хүчиндэх гэмт хэрэг дээр үүсээд байгаа юм. 16 хүртэлх насанд хайр сэтгэлийн үндсэн дээр бэлгийн амьдралд оролцоод эцэстээ бүгд гэмт хэрэгт тооцогдоод, дурласныхаа төлөө шоронд орох вий гэх болгоомжлол надад ч байсан. Ийм тохиолдлууд байгаа юм. Тийм учраас насны асуудал өөрөө шинжлэх ухааны үндсэн дээр бусад улс орны хуульд ялгамжтайгаар суугдсан байдаг. Хүчиндэх гэмт хэргийн тухайд 14,16,18 нас гэсэн гурван үе шатад хувааж ялгамжтайгаар зохицуулна. 14-16 насны хүүхдүүдийн тухайд хайр сэтгэлийн үндсэн дээр хүчинд автаагүй байхад хүчингийн гэмт хэрэгт оруулах вий гэх эрсдлээс хамгаалсан зохицуулалтыг Засгийн газар хуульд тусгасан байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.