“Гала” хамтлагийн Ану гэх нэрээр нь зарим хүн мэддэг иргэн Ч.Уранхолбоо олон нийтийн сүлжээ, зарим мэдээллийн хэрэгсэлд “Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охины хэргийг прокурор олон удаа хаасан” тухай мэдээлсэн.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалнямаас тодруулахад “Иргэн Ч.Уранхолбоо өөрийн цахим хуудсандаа төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх хоёр настай охины хэргийн талаар удаа дараа мэдээлэл гаргаж байгаа. Хамгийн сүүлд 2023 оны хоёрдугаар сарын 27-нд дээрх хэргийг прокурор олон удаа хааж байна гэсэн мэдээлэл оруулж, прокурорын хариу өгсөн албан бичгүүдийг нийтэд дэлгэсэн. Түүний цахим хуудсандаа нийтэлсэн “төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охины хэрэгт нотлох баримт хангалтгүй, мөн эцэг эхийн эд хөрөнгийн маргаан гэж үзэн хаасан” гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл юм.
Төрсөн охин М-г түүний эцэг Э хүчирхийлсэн байж болзошгүй талаар иргэн Б-аас гаргасан гомдлыг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналтай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор нь хүлээн авч хянан, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзсэн. Тодруулбал, хохирогчийн биед хийлгэсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр насанд хүрээгүй М нь бусдад хүчирхийлүүлсэн болох нь тогтоогдоогүй учраас уг хэргийг хуульд заасны дагуу прокуророос хааж шийдвэрлэсэн юм. Дээрх хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авсан.
Тухайлбал, тусгай мэдлэг бүхий нарийн мэргэжлийн 3-7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, гурван удаа шинжилгээ хийлгэсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх, мэдэж болзошгүй бүх л хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Мөн хэргийн оролцогчдоос гаргасан гомдлын дагуу НПГ болон УЕПГ-аас хэргийг хянаж, анхан шатны прокурорын хэргийг хаасан шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн. Иргэн Ч.Уранхолбоо энэ хэргийн оролцогч биш атлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа үндэслэлгүй ташаа мэдээлэл гаргаж байна. Мөн хүүхдийн хувийн нууцад халдаж, овог нэр, хувийн байдал зэргийг олон нийтэд дэлгэж байгаа нь харамсалтай” гэлээ.
Ташрамд дурдахад дуучин Ану хэмээх Ч.Уранхолбоод өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр хийн буугаар зэвсэглэсэн этгээд халдаж, барьцаалахыг завдан “Мерседес бенз G-class” загварын автомашиныг нь жолоодон зугтсан хэрэг гарсан. Зэвсэгт хүчний ... дугаар ангийн Ар талын офицер залуу уг хэргийг үйлдэж, Ч.Уранхолбоогоос 80 сая төгрөг өгөхийг шаардсан байдаг. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр харьяалах Прокурорын газарт хэргийг нь шилжүүлжээ. Хяналтын прокурор уг хэрэгтэй өдгөө танилцаж буй бөгөөд тун удахгүй шүүхэд шилжүүлэх, эсэхээ шийдвэрлэх гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.