Өргөн нэвтрүүлгийн тухай хууль нь зах зээлд шударгаар өрсөлдөж буй телевизүүдэд ялгамжтай байдал үүсгэж, "Өргөний" гэх нэршил бүхий 18 сувагт хэт давуу байдал бий болгож, бусад сувгуудын үйл ажиллагаа явуулах боломжийг хаасан асуудал үүссэн. Уг хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал байр сууриа илэрхийлсэн билээ. Гэтэл өчигдөр /2023.01.11/ ХХЗХ мэдэгдэл гаргаж, Н.Учрал сайдын илэрхийлсэн байр суурийн эсрэг агуулга илэрхийлсэн. Уг асуудлыг ЦХХХ-ны сайд Н.Учрал сайдаас тодрууллаа.
-Та өнгөрсөн баасан гарагт ярилцлага өгч сугалааг арилжааны телевизүүдээр явуулна гэх байр суурийг илэрхийлсэн. Гэтэл өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хороо таны байр суурийн эсрэг мэдэгдэл гаргаж сугалааг явуулахыг хориглоод байна?
-ЦХХХЯ байгуулагдсанаараа салбарын бодлогыг хариуцаж байгаа. Тийм учраас ХХЗХ Засгийн газар болон ЦХХХЯ-ны бодлогыг барьж ажиллах ёстой. Тийм ч учраас би сайдын хувьд албан бичиг хүргүүлж сугалааг "Өргөний" болон "Арилжааны" телевизүүдээр явуулахыг хориглох, харин тохирлыг зөвхөн "Арилжааны" телевизүүдээр явуулахыг зөвшөөрөх ёстой гэсэн чиглэл өгсөн.
Учир нь "Арилжааны" телевизүүд бол ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа. "Өргөний" телевизүүд Өргөн нэвтрүүлгийн хуулиар тодорхой үүрэг хүлээж байгаа. Нэмээд олон суваг дамжуулагчдаас тодорхой санхүүжилт авч байгаа. Энэ асуудал дээр "Арилжааны" телевизүүд тодорхой байр сууриуд илэрхийлсэн. Үндсэн хуулийн цэцэд хүртэл иргэд мэдээлэл гаргасан юм билээ. Тийм учраас ЦХХХЯ-ны дэргэд сайдын тушаалаар "Өргөн нэвтрүүлгийн сан"-гийн журмыг шинэчлэх, мөн хуулийг өөрчлөх ажлын хэсэг гарч, дэд сайд ахлан ажиллаж байна. Үүнд Арилжааны телевизүүдийн холбоо болон өргөний телевизүүдийн холбооны төлөөллийг оруулсан. Том утгаараа бид хууль болон сангийн журамд өөрчлөлт оруулж, батлах ёстой.
Нэгэнт арилжааны телевизүүд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулаад, ХХЗХ-ны гаргасан журмын дагуу чиглэл барьж байгаа эсэх дээрээ үүргээ хүлээгээд явж байгаа учраас бид арилжааны телевизүүд дээр сугалааны тохирлыг явуулах эрхийг үлдээх ёстой л гэдэг ийм байр суурьтай байгаа. Өргөний телевизүүдийн холбоо ч гэсэн сугалаа тохирол аль алиныг нь явуулахгүй гэдэг байр сууриа хэд хэд илэрхийлсэн.
Өнөөдөр би ХХЗХ-нд шаардлага хүргүүлнэ. Хороо операторууд болон олон суваг дамжуулагчид, телевизүүдтэй тусгай зөвшөөрөл өгсөн учраас гэрээ байгуулж байгаа. Зохицуулах хорооныхоо журмыг шинэчил гэж шаардлага хүргүүлнэ.
-Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа гэсэн. Хуулийг хаврын чуулганаар өргөн барьж амжих уу?
-Хаврын чуулганаар өргөн барьж батлуулах байр суурийг баримталж байгаа. Наана нь "Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан"-гийн журмаа өөрчлөх ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.