СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-10

🔴 Н.Учрал: Сугалааг арилжааны телевизүүдээр явуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль нь зах зээлд шударгаар өрсөлдөж буй телевизүүдэд ялгамжтай байдал үүсгэж, "Өргөний" гэх нэршил бүхий 18 сувагт хэт давуу байдал бий болгож, бусад сувгуудын үйл ажиллагаа явуулах боломжийг хаасан асуудал үүссэн. Уг хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал Гэрэл ньюс агентлагт дараах байр суурийг илэрхийлжээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

-Хуулийг өөрчлөх хүрээнд Монголын арилжааны телевизүүдийн холбоо болон МТХ-той хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Нэгдүгээрт, Өргөн нэвтрүүлгийн сангийн журмыг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Мөн, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэг ажиллаж байна. Зайлшгүй эргэж харах ёстой хууль. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар "Өргөний" болон "Кабелийн" сувгууд гэж ангилсан байгаа нь зохимжгүй. Иргэд IPTV-ээр дамжуулж бүх сувгийг адил үзэж байна. Иймд хууль дээр ажиллаж байна. 

Багцын үнэлгээтэй болох боломж байгаа эсэх асуудлаар Олон суваг дамжуулагчидтай уулзсан. Иргэд 100 суваг хүчээр үзээд 50 000 төгрөг төлдөг биш, өөрийн сонгосон сувгаа үзэж арай бага төлбөр төлдөг хэлбэрээр зохион байгуулах бололцоо байгаа гэж үзэж бид шийдвэрээ гаргаж байна.

-Телевизүүд хэрэглэгчдээс их төлбөр авдаг хэрнээ сугалаа гаргаж нэмэлт орлого олж байна?

-Сугалаа, тохирол гэх хоёр ойлголт бий. Өнөөдөр /2023.01.06/ ХХЗХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзаж чиглэл өгсөн. Яамны зүгээс албан бичгээр мөн чиглэл өгсөн. Нэгдүгээрт, Сугалаа явуулахыг "Өргөний" телевизүүд дээр хориглох ёстой. Мөн тохирол дамжуулахыг ч хориглоно. Яагаад гэвэл "Өргөний" телевизүүд хуулиар хүүхдийн, гэр бүлийн, танин мэдэхгүйн, бүтээхэд өртөг өндөр ёс зүй, хүмүүжлийн контент бүтээх үүрэг хүлээж байгаа. IPTV-ээс орлогын тодорхой хувь авч контент сайжруулахдаа зарцуулах ёстой. Бусад арилжааны сувгууд сугалаа, тохирлыг гаргах ёстой гэж үзээд журамд өөрчлөлт оруулах чиглэлийг өгсөн. Бид ирэх долоо хоногт ХХЗХ-той хамтарч эцсийн шийдвэр гаргана.

-ШӨХТГ хамтарч ажиллах уу?

-ШӨХТГ-ийн улсын байцаагч эрхийнхээ хүрээнд холбогдох шаардлагыг хүргүүлж ажиллаж байгаа юм билээ. Яам бодлогод нийцүүлж тодорхой журамд өөрчлөлт оруулж шийдвэрлэх ёстой. Монголын арилжааны телевизүүдийн холбоо болон МТХ гэх мэт бүгдтэй нь нэгдсэн байдлаар нэг шийдэлд хүрье л гэж бодож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.