2008 оноос хойш завсаргүй дөрвөн удаа Хөвсгөл аймгаас сонгогдоод байгаа Ц.Даваасүрэн өчигдөр хоёр дахь удаагаа Засгийн газрын гишүүн, Монгол улсын сайдаар сонгогдлоо. Хэрхэн баярлан хөөрч, УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийг барьж авч үнсэж байгаа зургийг бүх Монгол даяар харсан байлгүй.
Өмнө нь Эрчим хүчний сайд хийж байсан тэрээр сул гишүүн байгаадаа сэтгэл хангалуун бус байсан уу журмын нөхөдтэйгээ арсалдах шиг болжээ. Энэ занд нь нутгийнхан нь хачин сайн учир түүнийг тав дахь удаагаа ч гишүүнээр сонгон илгээж магадгүй юм.
Тэрээр Сангийн сайд Б.Жавхлангийн талаар хэд хэдэн удаа мэдэгдэл хийгээд амжсан. Сангийн сайд ч хариу тайлбар хийсэн. Тухайлбал, 2022 оны 11 сарын 3-ны УИХ-ын чуулган дээр "Сангийн сайд Б.Жавхлан танил талаараа дамжуулан Чингис хаан банканд 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад өнөөдөр алга болсон. Хаана банк, сан байна, бүгд рүү нь гар дүрж байна" хэмээн мэдэгдэж байсан байх юм.
Тэрээр цаашилбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг хөөрхөн дээрэлхээд авчээ. Чам мууг бодвол би дөрөв дарсан ат шүү гэж хэлж байгаа царай нь юм байлгүй дээ, 2022 оны 12 сарын 3-ны УИХ-ын чуулган дээр "Энэ Г.Амартүвшин 30 хэдэн тэрбум төгрөг авчихаад ичихгүй төлнө гээд сууж байна. Чи Их хурлаас татгалзаад шалгуулна гэсэн яасан? Одоо шалгуулаач. Чи УИХ-д суух эрхгүй. Их хурлын гишүүд нь зээл авчихаад тэрнийгээ төлүүлэх гээд оруулж ирж болохгүй" хэмээн агсарсан байх юм.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Г.Амартүвшин хоёроос гадна нэг танхимд тохой залган суугаа журмын нөхдөө ч "шантаажлаад" авсан байх юм.
2022 оны 12 сарын 30-ны УИХ-ын чуулган дээр "Сонгуулиар очихоор юу ярьдаг билээ дээ. Жинхэнээсээ “попордог”. Гэхдээ би цаг нь ирэхээр нэрийг нь зарлана. Ийм новшийн байж болохгүй. Рио Тинто“ гэхээр дагаад, хашхираад гүйдэг новшнууд их байгаа. Ард түмэндээ "Эрдэнэс Тавантолгой"-г үлдээе гэхээр попорлоо гэдэг. 2024 онд тойрог дээр чинь очиж нэрийг чинь зарлана" хэмээн сануулж байсан байх юм.
УИХ-ын гишүүдээ ч дүүрч гэхэд УИХ-ын дарга Г.Занданшатарыг хэд хэдэн удаа түншээд авчээ. Г.Занданшатартаа ч биш байх, Намын Удирдах зөвлөлдөө хаягласан үг байх.
2022 оны 10 сарын 6-ны УИХ-ын чуулган дээр "Та өнгөрсөн зургаан сард Баянхонгорт ажиллаад сонгогчдодоо баахан загнуулаад ирсэн байна лээ. Та дарга болоод ирэхээрээ үг дааж чадахгүй болсон байна. Мөнхийн албан тушаалд очсон юм шиг ташуурсан байна" гэж шүүмжилсэн байх юм. УИХ-ын дарга нь ч гэж дарга, өмнөөс нь үг хэлж чадахгүй "Хэлэлцэх асуудалтай холбоотой асуулт асууна уу" хэмээн микийг нь хааж байжээ.
УИХ-ын даргатай яагаад муудсан нь дараах учиртай. УИХ-ын гишүүний хувиар Ц.Даваасүрэн нь УИХ-аас томилогдон хугацаа нь дуусаад байгаа ҮХЦ-ийн гишүүн Ш.Солонго, Д.Одбаяр, Г.Баясгалан нарыг эргүүлэн тат гэсэн гомдол гаргаад байгаа аж. Энэхүү гомдлыг Байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүй байгаад тэрээр бухимдаж, бухимдлаа УИХ-ын даргад гаргаж.
Энэ нь цаагуураа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-өөр Сонгуулийн тухай хуулийг өөрчилж холимог болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн хэрэг юм. МАН-ын Удирдах зөвлөл болон бусад намууд энэ өөрчлөлтийг бүгд дэмжиж байгаа. Гэтэл Ц.Даваасүрэн энэ тухай "Үндсэн хуулийн 21.4-т орсон холимог тогтолцоо гэх үгийг авч хаясан. Гэтэл ҮХЦ тайлбарлахдаа үүнийг байгаа мэт тайлбарласан нь өөрөө Үндсэн хуулиа зөрччихсөн. ҮХЦ-д хууль тайлбарлах эрх байхгүй" хэмээн шүүмжилж байсан байх юм.
Энэ бүхнийг нуршсаны учир нь, ҮХНӨ, сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх "маш чухал" ажилд Ц.Даваасүрэн мэтийн гишүүд саад болж, хавь ойрны бүх хүн рүү үсчээд байгаа учир сайдын суудлаар амыг нь тагласан болж таараад байгаа юм. Энэхүү үг үнэн, худлыг мэдэх амархан. Ц.Даваасүрэн сайд ҮХНӨ, ҮХЦ, сонгуулийн хуулийн талаар дахин ярих нь уу, үгүй юу гэдгийг бүгдээрээ харцгаая. Бараг л ярихгүй болов уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
бузарын сэжигийн хулгайч нар