“Изинис Эйрвэйз” компанийн онгоц Хятад улсаас зэвсэг тээвэрлэсэн байж болзошгүй гэх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл тус мэдээлэл нь үнэн бөгөөд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн гэж Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдэгдлээ.
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Өнгөрсөн сард “Изинис Эйрвэйз” компани ачаа тээврийн зориулалттай Airbus A330-200 онгоц оруулж ирсэн. Тус онгоцоор улс дотроо болон олон улсад транзит болон бусад ачаа тээвэрлэхээр зөвшөөрлөө авсан. Хятадаас Орос руу нисэх, ачаа тээвэрлэх эрхээ авсан байгаа. Ингэхдээ тодорхой олон улсын байгууллагаас зөвшөөрөл авсан байх ёстой. Үүний дагуу Лондоны даатгалын байгууллагад даатгуулсан тохиолдолд зөвшөөрөл авч ачааг тээвэрлэх ёстой байдаг. Гэрээний дагуу Хятадаас ирсэн ачааг Улаанбаатар хотод буулгаж, ачааны жагсаалтыг Лондон руу явуулахад тус ачаанд хоёрдмол шинж чанартай ачаа байж болзошгүй тул нисэх зөвшөөрөл олгохгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь иргэний болон цэргийн зориулалтаар ашиглаж болохуйц ачаа байжээ.
Иймд манай улсын мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байна. Тус онгоц ОХУ руу зөвшөөрөлгүй ниссэн бол манай улсын иргэний нисэхийн салбарт томоохон эрсдэл учрах байсан. Харин нисээгүй тул эрсдэлтэй үйлдэл хийгдээгүй гэсэн үг. Хятадаас иргэний зориулалттай гэж ачаа тээвэрлэж болно гэсэн зөвшөөрлийн дагуу нислэг үйлдэгдсэн байна. Шалгалтын дараа тус ачааг буцаагаад Хятад улс руу явуулах боломжтой. Манай улс олон улсад тавигдаж байгаа шаардлагыг биелүүлэх ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.