СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-09

Д.Амарбаясгалан: МАН-аас NoWar, NoNaadam хөдөлгөөний эсрэг шүүхэд гомдол гаргаагүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шүүх хуралдааны шийдвэр өчигдөр гарч, Э.Одбаярт нэг жил хоёр сар, бусад дөрвөн хүнд нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм.

Уг шүүхийн шийдвэртэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар хийжээ.

Тэрбээр, "Иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг. 

Уг гомдлын талаар өнөөдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарчээ. Уг шийдвэр нь гарахдаа анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээрх тусдаа хоёр хэргийг Прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, улмаар өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан нь бидний гайхлыг төрүүлж байгааг хэлэх нь зүйтэй.

Монгол ардын нам NoWar, NoNaadam хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно. Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ" гэлээ. 

Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар мөн тайлбар өглөө. 

-Э.Одбаяр тэргүүтэй 5 хүнд холбогдох шүүх хурал болж, шүүх шийдвэрээ гаргалаа. Иргэн Э.Одбаярын хувьд Ерөнхий сайдыг гүтгэсэн гэсэн хэргээр шалгагдаж байна. Яг ямар мэдээлэл түгээсэн юм бэ? 

-Би шүүх хурал дээр хохирогчийн төлөөлөгчөөр оролцлоо. Иргэн Э.Одбаяр нь  Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйл буюу бусдын нэр хүндийг санаатайгаар гүтгэх, мэдээлэл тараасан,  23 дугаар зүйл буюу “Хууль сахиулагчийн биед халдсан, хүч хэрэглэсэн”  хоёр зүйл ангиар шүүгдэж байсан. Тусдаа байсан энэ хоёр хэргийн субъект нь нэг гэдэг утгаараа нэгтгэсэн юм байна.

Э.Одбаяр нь  өөрийнхөө твиттер болон фейсбүүк хаягаар дамжуулан “Аймшигтай юм, Э.С-ийг санаатайгаар машинаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б нь Ерөнхий сайдын хүн. Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ. Хохирогч Э.С-ийн биеийн байдал хүнд байна. Энэ хэргийг ямар зорилгоор олон нийтээс нууцалж байна вэ? ЦЕГ-аас мэдээлэл шаардаж байна. Гэмгүй хүмүүсийг элдвээр гүтгэж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөхдөө түргэн шуурхай нөхдүүд биз дээ. Яагаад энэ хэргийг тас дарчхаад байна ” гэсэн агуулгатай мэдээлэл нийтэлсэн.

Ингэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын зураг,  зам тээврийн ослын бичлэгийн хамт цахим хуудсандаа оруулсан байсан. Энэ мэдээлэл цацагдсаны дараа  МАН-ын Хуулийн хэлтсээс Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан талаар тодруулах албан бичиг явуулсан юм билээ. Энэ дагуу Нийслэлийн прокурор хохирогчоор Ерөнхий сайдыг тогтоосон байдаг. 

-Гэхдээ хэрэгт холбогдогчид дайныг эсэргүүцсэн, жагсаал цуглаан хийснийхээ төлөө ял авах гэж байна гэсэн агуулгатай мэдээллийг тараагаад байгаа шүү дээ?

-Шүүх хуралд миний бие хохирогчийн төлөөлөгчөөр оролцсон. Нөгөө тал найман өмгөөлөгч, таван шүүгдэгчтэй оролцож, гэм буруугүйгээ нотлох гэж бүхий л талаас мэдээллүүдээ гаргасан байгаа. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд “Дорнод аймагт болсон авто ослын хэрэгт Ерөнхий сайд буруугүй, уг осол гаргасан этгээд Ерөнхий сайдтай хамааралгүй, хэргийг ямар нэгэн байдлаар нуун дарагдуулаагүй” гэдгийг тогтоосон.  Шүүх хуралд оролцсон хүний хувьд хэлэхэд ямар нэг жагсаал цуглаан хийсэн, үзэл бодлоо илэрхийлсэн гэдэг үндэслэлээр Э.Одбаяр болон бусад шүүгдэгчид ял шийтгэл аваагүй.

-Улсын яллагч Э.Одбаярт 1.9 жил хорих ял санал болгосон гэсэн. Гэтэл яагаад шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм бэ?

-Шүүхээс Э.Одбаярын гэм буруутайг нотлох баримтад үндэслэн тогтоосон бөгөөд Улсын яллагч 1.9 жил хорих ял санал болгосон. Ерөнхий сайдын бие төлөөлөгчийн хувьд би энэ ялыг торгох буюу өөр шийтгэлээр хөнгөрүүлж өгөх саналаа шүүхэд гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хуралдаад Э.Одбаярт 1.2 жил зорчих эрхийг нь хязгаарласан шийдвэр гаргасан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.