Умард Солонгос өнөөдөр /2022.10.06/ өглөө Зүүн тэнгис рүү ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгджээ.
Тодруулбал, Пёньяны Самсок бүсээс өглөөний 06:01 цагаас 06:23 цагийн хооронд хоёр пуужин харвасныг БНСУ-ын Нэгдсэн штабын дарга нарын хорооноос илрүүлсэн аж.
БНАСАУ өнгөрөгч мягмар гарагт Японы нутаг дэвсгэр дээгүүр дунд тусгалын баллистик пуужин хөөргөсний дараа АНУ, БНСУ-ын талууд Зүүн тэнгис рүү дөрвөн тактикийн пуужин харваад байгаа билээ. Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт болсон хамтарсан сургуулилтын дараа АНУ-ын тэнгисийн цэргийн нисэх онгоц тээвэрлэгч "USS Ronald Reagan" хөлөг онгоцыг Өмнөд Солонгосын зүүн хэсэгт буцаан байрлуулсан бөгөөд өнөөдөр Япон улстай хамтарсан гурван талт сургуулилтыг дахин хийх төлөвтэй байна.
Пёньяны зүгээс сүүлийн үеийн үйл ажиллагаагаа АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтуудын эсрэг "шударга хариу арга хэмжээ" гэж тайлбарласан юм. Харин АНУ-ын албаныхан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааныг зарласан бөгөөд уулзалтын үеэр ОХУ, БНХАУ хоёрыг Умард Солонгосыг хатуу хориг арга хэмжээнээс хамгаалж байна гэж буруушаажээ.
Эх сурвалж: Yonhap, BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.