БНАСАУ өчигдөр дунд тусгалын баллистик пуужин харвасан бөгөөд тус пуужин нь Японы хойд нутаг дээгүүр нисэж, эдийн засгийн онцгой бүсийнх нь гадна, Номхон далайд газардсан билээ. Тэгвэл АНУ болон БНСУ-ын хамтарсан хүчин үүний хариуд Зүүн тэнгис рүү дөрвөн пуужин харвасан байна.
Умард Солонгос пуужин хөөргөснөөс хэдхэн цагийн дараа болсон энэхүү сургуулилтын хүрээнд, талууд тус тус хоёр тактикийн пуужин харвасан бөгөөд эдгээр нь Зүүн тэнгис дэх хуурамч байг амжилттай онож, холбоотнуудын дайсны халдлагыг таслан зогсоох хүчин чадварыг тод харуулсан гэж Өмнөд Солонгосын Нэгдсэн штабын дарга нарын хорооноос мэдэгджээ.
Мөн Умардын зүгээс дахин пуужин хөөргөж, нэмэлт өдөөн хатгалга илгээх магадлалтай байгаа тул хоёр улс бүрэн бэлэн байдалд байгаа гэж тус хорооны хэвлэлийн мэдээнд дурджээ.
Түүнчлэн, Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн дээд офицерууд Умард Солонгосоос ирж буй цөмийн болон пуужингийн аюулд ямар хариу арга хэмжээ авах талаар утсаар зөвлөлдсөн байна.
Эх сурвалж: Yonhap
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.