Армени, Азербайжан улсуудын хил дээрх цэргүүд дахин мөргөлдсөн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл талууд орон нутгийн цагаар есдүгээр сарын 14-ний 20:00 цагаас эхлэн харилцан гал зогсоохоор тохиролцсоныг Арменийн Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Армен Григорян өнөөдөр /2022.09.15/ мэдэгджээ.
Тэрээр Арменийн олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагадаа "Олон улсын хамтын нийгэмлэгийн оролцооны ачаар бид есдүгээр сарын 14-ний 20:00 цагаас Азербайжантай гал зогсоох тохиролцоонд хүрсэн" гэж тэмдэглэсэн байна.
Азербайжаны цэргүүд Арменийн хил орчмын сууринууд руу гал нээж, эрчимтэй довтолгоо эхлүүлсэн гэж тус улсын Батлан хамгаалах яам өнгөрөгч мягмар гарагт мэдээлсэн билээ. Үүний дараа Арменийн Аюулгүйн зөвлөл ээлжит бусаар хуралдаж, Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээнээс гадна Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн заалтуудыг хэрэгжүүлж, ОХУ-аас тусламж хүсэх шийдвэр гаргасан аж. Энэ удаагийн мөргөлдөөний үеэр тус улсын 105 цэрэг амь үрэгдсэн гэж Ерөнхий сайд Никол Пашинян хэлсэн юм.
Харин Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев энэхүү хурцадмал нөхцөл байдалд Арменийн цэрэг, улс төрийн удирдлагыг буруутгасан бөгөөд тус улсын зэвсэгт хүчин тохирох хариу арга хэмжээ авсныг онцолсон. Байлдааны үеэр тус улсын 50 алба хаагч амиа алдсаныг Батлан хамгаалах яам нь мэдээлсэн бөгөөд гал зогсоох тохиролцооны талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.