СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-29

Л.Оюун-Эрдэнийн шинэ сайдуудыг УИХ томилохгүй, зөвхөн "танилцана"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, яг одоо парламент хэлэлцэж байна.

2020 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр "Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүй, УИХ томилохгүй, харин тэдгээрт танилцуулна" гэж тодорхой заасан.

Энэхүү өөрчлөлтийн анхны жишээ Л.Оюун-Эрдэнийн "Шинэ сэргэлтийн Засгийн газар"-ын кабинет болж буйгаараа онцлог юм. 

Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайханы нийтлэлээс иш татан танилцуулья.

Тэрбээр, 1992-2000 оны хооронд Үндсэн хуулийн 39.2, 25.1.6-д заасны дагуу Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлж УИХ уг саналыг шийдвэрлэдэг байсан.

Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналыг бие даан гаргах эрхгүй бөгөөд заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, дараа нь УИХ-аар шийдвэрлүүлж байсан. Ерөнхийлөгч болон УИХ Засгийн газрын гишүүн болгохоор Ерөнхий сайдаас санал болгосон нэр дэвшигчээс татгалзсанаас өөр хүнийг нэр дэвшүүлж байсан тохиолдол гарч байв.

Жишээлбэл, 1998.04.23-нд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдоод Батлан хамгаалахын болон Боловсролын сайдуудад нэр дэвшүүлсэн хүмүүс нь дэмжигдээгүй тул өөр хүмүүсийг нэр дэвшүүлэн томилуулж байжээ.

2000.12.14-2020.05.25-ны хооронд Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох эсхүл огцруулах асуудлыг бие даан шийдвэрлэх бүрэн эрхгүй бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, УИХ-аар зөвшөөрүүлэх шаардлагатай хэвээр байв.

Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний (сайдыг томилуулах эсхүл огцруулах) тухай саналаа эхлээд Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг байсан. 2000 онд Үндсэн хуулийн 39.2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний саналаа долоо хоногийн дотор Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй бол уг саналаа УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ гэсэн заалтыг нэмсэн. Ингэснээр Ерөнхий сайд уг саналаа Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой болсон.

Гэвч, Ерөнхийлөгч Ерөнхий сайдын сайдаар томилуулах саналаас татгалзах тохиолдол гарч байсан нь сайдын томилгоонд Ерөнхийлөгчийн нөлөө их байгааг харуулсан.

Жишээ нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үйлдвэр, хөдөө аж, ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлыг зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саналтай 2014.06.02-нд танилцаад, уг саналаас татгалзсан юм.

2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлж томилуулах зохицуулалтыг өөрчлөөгүй юм. УИХ Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр сайдад нэр дэвшигч бүрийг хэлэлцэж илээр санал хурааж, ердийн олонхын саналаар шийдвэрлэдэг бөгөөд нэр дэвшигчээс татгалзаж болдог байсан (Үндсэн хуулийн 25.1.6, 27.6, 39.3-гэсэн хуучин заалтууд).

УИХ Ерөнхий сайдыг томилоод зогсохгүй түүний засгийн газарт хэн сайдаар ажиллах вэ гэдгийг нэг бүрчлэн хэлэлцэж шийдвэрлэж байв. Мөн, Ерөнхий сайд сайдыг бие даан огцруулах боломжгүй, заавал УИХ-аар зөвшөөрүүлэх шаардлагатай байсан.

Энэ бүгд нь Ерөнхий сайд болон сайдыг УИХ-аас хэт хараат болгож, улс төрийн бодлого, хөтөлбөрийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх багаа бүрдүүлэх боломжийг Ерөнхий сайдад өгөхгүй байсан юм.  

2019.11.14-ны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 25.1.6-д УИХ “Засгийн газрын гишүүд”-ийг томилох, өөрчлөх, огцруулах бүрэн эрхтэй байсныг хассан, мөн Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө" гэж шинээр заасан.

Энэ заалт нь дараах ач холбогдолтой:

1. Парламент хариуцлагыг Ерөнхий сайдтай ярь, сайд хариуцлага алдсан асуудлыг Ерөнхий сайд өөрөө шийд гэдэг парламентын тогтолцооны жишиг рүү очно.
 
2. УИХ-ын олонхын дэмжсэн бодлогыг хамгийн сайнаар хэрэгжүүлэх танхим бүрдүүлэхгүй бол танхимаараа огцрох эрсдэлтэй тул Ерөнхий сайд тухайн салбарын бодлогыг хамгийн сайнаар авч явах хүнийг сонгож томилохыг хичээнэ.
 
3. Зарим салбарын шинэчлэл тухайн салбарынхаа идээ бээрийг шахдаг, явцуу сонирхлууд сайдынхаа эсрэг “босч” ирдэг учраас ийм зэргийг зөв зүйтэй эрсдэлийг үүрээд бодлогоо явуулах боломжийг Ерөнхий сайд сайддаа олгож, бамбай нь болох боломжтой болно. Тэгээд дөрвөн жилийн дараа үр дүн нь гарч үнэлэгдэх боломж бүрдэнэ.
 
4. УИХ-ын гишүүдийн зүгээс Сайд нарт яам, төрийн албанд томилгоо хийх хийх явдал багасна. Төрийн албаны тогтвортой, мэргэжлийн байдлыг үүгээр дээшлүүлнэ.
 
5. Ерөнхий сайд хариуцлага алдсан сайдаа хамгаалж үлдвэл Засгийн газар нь бүхэлдээ огцроход хүрэх учраас хувь сайдад хариуцлага тооцохоос өөр аргагүй байдалд ордог. 
 
6. Нэгэнт Ерөнхий сайдад багаа бүрдүүлэх болон төсвөө боловсруулж батлуулах эрх мэдлийг нь өгсөн учраас УИХ түүнээс хариуцлага нэхэх эрхтэй болно, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтаа эрчимжүүлнэ.

Үндсэн хуулийн 39.4-ын дагуу Засгийн газрын гишүүнийг УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулж буй нь өмнөх шиг тэдгээртэй зөвшилцөх буюу саналыг нь заавал тусгах, тэдгээрээр шийдвэрлүүлэх гэсэн утгагүй, харин эдгээр институт хоорондын уялдаа холбоог үүсгэж хангах зорилготой.

Засгийн газрын гишүүн дээр УИХ болон Ерөнхийлөгчийн саналыг сонсож болох боловч уг саналыг Ерөнхий сайд заавал биелүүлэх үүрэггүй. . Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх нь Засгийн газар бүхэлдээ парламентын итгэл дээр оршин тогтнодог гэсэн парламентын засаглалын утгыг илтгэж Засгийн газрын гишүүдийн хариуцлагыг ухамсарлуулах агуулгатай.

2019 онд Үндсэн хуулийн 39.4-т оруулсан нэмэлт, өөрчлөлтийг органик хуульд тусгах, хуучин зохицуулалтыг хасах ажлыг өмнөх УИХ-ын бүрэлдэхүүн хийж гүйцэтгэсэн.

Тодруулбал, УИХ-ын тухай хуулийг 2020.05.07-нд шинэчлэн баталж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Энэ хуулийн 17.3-т Анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг заасны дотор  “Ерөнхий сайдыг томилох” багтсан (17.3.6) ч Засгийн газрын гишүүнийг томилох заалт оруулаагүй.

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх нь парламентын засаглалын мөн чанар юм. Жишээлбэл, Англи, Герман, Япон, Эстон тэргүүтэй улсад сайдыг томилох, огцруулах асуудлыг Ерөнхий сайд өөрөө мэдэж, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг бөгөөд төрийн тэргүүн, эсхүл парламент хөндлөнгөөс оролцдоггүй. Засгийн газрын гишүүнийг парламент нь томилдоггүй боловч тэдгээр нь парламентдаа тангараг өргөдөг жишиг ХБНГУ зэрэг парламентын засаглалд бий.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.