Нүүрсний тээвэр хөдөлж эхэлсэн чихэнд чимэгтэй мэдээ урд зүгээс ирж эхэллээ. ЗТХ-ийн сайд Л.Халтар "Тавантолгой-Цагаанхад чиглэлийн уртын тээвэр өнөөдрөөс эхэлсэн" тухай мэдээлсэн. Шивээхүрэн-Сэхэ боомтын нүүрсний чингэлэг тээвэр мөн өнөөдрөөс албан ёсоор эхэлжээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас Хятадын талын саналаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байсан юм.
Чингэлэг тээврийн нээлтэд Шивээнхүрэнгийн боомтын Гаалийн газар, Гурвантэс сумын ОБГ, Хилийн дугаар анги, "Саусгоби сэндс" ХХК-ийн удирдлагууд оролцжээ. Долоон сар хаалттай байсан тус боомтоор нүүрсний чингэлэг тээврийн цуваа хөдөлж, Эрээний боомтод хүрэхэд БНХАУ-ын тал мөн баяр ёслолын хэмжээнд хүлээн авчээ.
Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг барьж байгуулсан юм.
Шивээхүрэнгийн боомтын нүүрс тээвэр эхэлсэнтэй холбогдуулж, "Саусгоби Сэндс" компанийн Уурхай эрхэлсэн орлогч дарга Б.Золжаргалаас дараах тайлбарыг авлаа.
"Саусгоби Сэндс" компанийн Уурхай эрхэлсэн орлогч дарга Б.Золжаргал:
-Ковидын улмаас долоон сар хаалттай байсан боомтод өнөөдрөөс нүүрс тээвэр явж эхэллээ. БНХАУ-ын талаас өдөрт 120 чингэлэг гаргах квот өгсөн. Уул уурхайн компаниуд ээлжлээд нүүрс экспортлохоор хуваарь гаргаад ажиллаж байна.
Тус боомтод шинэчлэлийн ажил явагдаж байгаа. Ажлын явц 60 хувьтай байгаа ч ариутгалын пункт, пүү зэрэг ашиглалтад орсноор гүйцэтгэл нь 80 хувьд хүрнэ. Шинэчлэл хийснээр нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэнэ.
Шивээнхүрэн боомтоор нүүрсний экспорт хийж байгаа уул уурхайн компанийн бүх жолооч бөмбөлөгт орсон. Манай талаас ПСР болон түргэвчилсэн тест авахгүй нэвтрүүлнэ. Харин БНХАУ-ын талаас 2-3 хоног тутамд түргэвчилсэн тест авна гэж мэдэгдсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.