Швед, Финланд улсууд НАТО-д элсэх хүсэлтээ өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд тэдний өргөдлийг тус цэргийн эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг биечлэн хүлээн авсан байна.
Бельгийн нийслэл Брюссельд орших НАТО-гийн төв байранд болсон энэхүү арга хэмжээний үеэр ноён Столтенберг "Финланд, Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг би халуун дотноор хүлээн авч байна. Тэд бол бидний хамгийн ойрын түнш. Энэ үйл явдал нь түүхэн алхам бөгөөд бидний аюулгүй байдлын эгзэгтэй цаг үед сайхан өдөр тохиож байна. Холбоотнууд бүгд НАТО-г өргөжүүлэхийн ач холбогдлын талаар санал нэгдсэн бөгөөд аль болох хурдан дүгнэлтэд хүрэх болно" гэж сайшаан тэмдэглэжээ.
Швед, Финландаас НАТО-д суугаа Элчин сайд нар болох Аксел Вернхофф, Клаус Корхонен нарын хүлээлгэн өгсөн эдгээр өргөдөлд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурсан аж. Түүнчлэн, Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё ба Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон нар ирэх пүрэв гарагт Вашингтонд айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзан, НАТО-д элсэх асуудал болон Европын аюулгүй байдлын талаар өргөн хүрээнд хэлэлцэхээр төлөвлөж байна.
НАТО-д элсэх, тэр дундаа бүх гишүүн орон өргөдлийг соёрхон батлах явц ихэвчлэн 8-12 сарын хугацаанд өрнөдөг хэдий ч ОХУ-аас ирж буй заналхийллийн улмаас тус эвсэл шуурхай шийдвэр гаргах төлөвтэй байна. НАТО-гийн төлөөлөгчид хоёр улсын өргөдлийг өнөөдөр авч хэлэлцэх бөгөөд тэдний хүсэлтийн дагуу албан ёсны хэлэлцээ эхлүүлэх боломжтой юм. Гэвч тус эвсэлд элсэх үйл явцыг бүх гишүүн орон санал нэгтэй батлах шаардлагатай бөгөөд Турк улс энэхүү өргөдлийг эсэргүүцэхээ мэдэгдээд байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.