Швед, Финланд улсууд НАТО-д элсэхээр шийдвэрлэснээ албан ёсоор зарласнаас хойш хэдхэн цагийн дараа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэхүү алхмыг эсэргүүцэж буйгаа мэдэгджээ.
Тэрээр өнгөрөгч даваа гаргийн орой хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Турк улс Финланд, Шведийг НАТО-д элсэхийг эсэргүүцэж байна. Эдгээр улсын аль нь ч террорист байгууллагын талаар тодорхой, нээлттэй байр суурьгүй. Бид тэдэнд яаж итгэх билээ?" хэмээсэн юм. Нордикийн тус хоёр орон нь Анкарагийн зүгээс алан хядагч байгууллага гэж үздэг Курдистаны ажилчдын намын гишүүд болон 2016 онд төрийн эргэлт хийхээр оролдсон хэрэгт буруутгагдаж буй Фетхуллах Гюлений дагалдагчдыг орогнуулж байгаа гэж Туркийн эрх баригчид буруушаасаар ирсэн билээ.
Ноён Эрдоган түүнчлэн эдгээр хоёр улсыг төлөөлөгчдөө илгээж, Туркийн байр суурийг өөрчлөхийг оролдох шаардлагагүй гэж мэдэгджээ. Түүний Засгийн газар мөн Турк улсын эсрэг хориг арга хэмжээ авсан орнуудын өргөдөлд хаалт тавихаа амласан юм. Туркийн цэргийн хүчин Сирид нэвтэрсний улмаас Швед, Финланд улсууд 2019 онд Анкарагийн эсрэг зэвсгийн хориг тавьсан билээ.
Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто даваа гарагт Хельсинкийн Парламентад үг хэлэхдээ, Туркийн байр суурь түүнийг гайхшируулсан ч тус улсын Засгийн газар ноён Эрдогантай "тохиролцох" сонирхолгүй байгаа гэж онцолжээ.
ОХУ Украинд түрэмгийлсэн нь Европт шинэ, аюултай бодит байдал үүсгэсний улмаас Швед, Финланд улсууд НАТО цэргийн эвсэлд элсэхээр шийдсэнээ мэдэгдсэн. Тэгвэл энэхүү алхам нь Москвад шууд заналхийлэхгүй хэдий ч Кремлийн зүгээс хариу арга хэмжээ авна гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин анхааруулсан юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.