ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд өнөөдөр болох Ялалтын баярын цэргийн парадад өнгөрсөн жилтэй харьцуулахад цөөхөн цэрэг, техник хэрэгсэл оролцох төлөвтэй байна.
Лондоны их сургуулийн коллежийн Оросын гадаад бодлогын шинжээч Аглая Снетков энэ талаар "Орос улс Ялалтын баярын парадтай зэрэгцэн хил дээрээ дайн хийж байгаа цөөхөн тохиолдлын нэг бол энэ. Парадын цар хүрээг хумисан нь Оросын Засгийн газар Украинд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнийг зохицуулахаар хичээж байгааг харуулж байна" хэмээн тэмдэглэжээ.
Орост жил бүрийн 5 дугаар сарын 9-ний өдөр тохиодог Ялалтын баярын парадыг Ерөнхийлөгч Владимир Путин эх оронч эв нэгдлийг сурталчлах, улс орныхоо цэргийн хүчийг харуулах арга хэрэгсэл болгон ашиглаж ирсэн билээ. Тэгвэл тус улсын цэргийн хүчин Украинд томоохон амжилт гаргаж чадаагүйн улмаас Кремль энэ жилийн арга хэмжээг Украин дахь тусгай ажиллагааг зөвтгөх зорилгоор дахин чиглүүлэх төлөвтэй байна.
Тодруулбал, Улаан талбайн дээгүүр нисэх сөнөөгч онгоцнууд Украин дахь Оросын цэргүүдийг дэмжих бэлгэ тэмдэг болох "Z" үсгийн хэлбэрээр нисэх аж. Энэ жилийн парадад оролцох нисэх онгоцны тоо өнгөрсөн жилийнхээс арай өндөр ч явган цэрэг, техник хэрэгслийн тоо харьцангуй бага байх юм. 2021 оны арга хэмжээнд 191 орчим техник хэрэгсэл, 12 мянга орчим цэргийн албан хаагч жагссан бол энэ жил ердөө 131 машин техник, 11 мянган цэргийг дайчлах болохыг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Түүнчлэн, өмнөх жилүүдээс ялгаатай нь Ялалтын баярын 77 жилийн ойн арга хэмжээнд гадаадын удирдагчдыг уриагүй аж.
Их Британийн Уорвикийн их сургуулийн Оросын цэргийн дэглэмийн шинжээч Эллисон Эдвардс "Энэ удаагийн парадын илтгэлүүд нь ЗХУ нацист Германы эсрэг хийсэн дайн ба ОХУ Украин дахь орчин үеийн нацизмын эсрэг тэмцэлд "ганцаараа" зогсож байгааг адилтгахад чиглэнэ" хэмээн онцолсон байна.
Ерөнхийлөгч Владимир Путин өмнөх жилүүдийн жагсаалын үеэр үг хэлэхдээ Барууны орнуудыг удаа дараа шүүмжилсээр ирсэн билээ. Тэгвэл энэ жилийн парад нь оросуудад "өвөг дээдсийнхээ үйлс, ялалтыг үргэлжлүүлэх" сэдлийг төрүүлж, Зэвсэгт хүчинд ихээр элсүүлэх зорилготой гэж ажиглагчид таамаглаж байна.
Түүнчлэн, ноён Путин энгийн иргэдийг цэрэгт дайчлах талаар зарлаж магадгүй гэж Барууны албаныхан анхааруулсан ч Оросын дээд албан тушаалтнууд үүнийг үгүйсгэсэн юм.
Үүний дээрээс, Оросын цэргүүдэд эзлэгдээд буй Украины Мариуполь хотод Ялалтын баярын жагсаалыг зохион байгуулахыг оролдож магадгүй гэж Украины албаныхан мэдэгджээ. Мөн өнөөдрийн цэргийн парадын дараа Оросын цэргийн хүчин Украины эсрэг довтолгоогоо улам эрчимжүүлж болзошгүй гэсэн болгоомжлол Украинд тархаад байна.
Эх сурвалж: The Moscow Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.