Хятадын Чанша хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зургаан давхар барилга нурж, хэдэн арван хүн нуранги дор нь дарагдаад байгаа билээ. Тэгвэл аврагчид өнөөдөр өглөө тус нуранги дороос нэг эмэгтэйг эсэн мэнд гаргаж авсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн юм.
Одоогийн байдлаар, уг ослын улмаас таван хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй хэвээр байгаа бол уг эмэгтэй нь амьд үлдсэн 10 дахь хүн болсон байна. Энэхүү барилга нурснаас хойш 132 цагийн дараа тус эмэгтэйг эсэн мэнд гаргасан бөгөөд аврах ажиллагааны үеэр тэрээр аврагчидтай тогтмол харилцаж, өөрийг нь хэрхэн гэмтээхгүйгээр гаргаж авах талаар зөвлөгөө өгсөн гэж "Синьхуа" агентлагийн мэдээлэлд дурджээ.
Бүс нутгийн цагдаа нар уг явдалтай холбогдуулан есөн хүнийг баривчилсан бөгөөд тус барилгын эзнийг аюулгүй байдлын дүрэм журмыг үл тоомсорлож, бусад зөрчил гаргасан гэх хэрэгт буруутгаж байгаа юм. Мөн барилгын зураг төсөл, угсралтын ажлыг хариуцсан гурван хүнээс гадна аюулгүй байдлын дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн таван хүнийг шалгаж байгаа аж.
Хятадад сүүлийн жилүүдэд ийм төрлийн барилгын нуралт ихэссэн тул тус улсын дарга Ши Жиньпин албаныхныг нэмэлт хяналт, шалгалт хийхийг өнгөрсөн сард уриалсан байна.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.